Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

ЦОГЦ НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙХ СУУРИЙГ БҮРДҮҮЛНЭ

Монгол улс уул уурхайн салбарын байгаль орчинд учруулж буй бохирдлыг оношилж, тогтоох зориулалтын лаборатори байгуулахаар боллоо. Уг лабораторид уул уурхайн үйл ажиллагаанд хамгийн их өртсөн байж болзошгүй 400 цэгээс дээж авч, нөлөөллийн хэмжээг тогтоон, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх юм байна.

Аравдугаар сарын 29-нд энэхүү ажлыг хэрэгжүүлэх төслийн хэлэлцээрт Монгол улсын Эрдэс баялаг, эрчим хүчний яам болон Сангийн яам, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөл нар /KОИКА/ гарын үсэг зурцгаалаа.

КОИКА-гийн 3 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжих уг төслийн хүрээнд лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэхээс гадна техник хэрэгслийг ажиллуулах монгол мэргэжилтнүүдийг бэлтгэх юм.

ЭБЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Хүрэлбаатар “Хөрсний нөлөөллийг нарийн оношлох лабораторийн дүнд үндэслэсэн бүрэн хэмжээний мэдээллийн сантай болсноор бид нөхөн сэргээлтийг чанартай хийх боломж бүрдэх юм. Одоо компаниуд зөвхөн биологийн нөхөн сэргээлт хийж байгаа. Нарийн лабораторигүй учраас хөрсөнд ямар бодис хуримтлагдаж, байгаль орчинд хэрхэн нөлөөлөхийг тооцсон нарийн ажил огт хийхгүй байгаа. Мэргэжлийн хяналтын газрын шинжилгээ шаардлагын түвшинд хүрдэггүй. Тиймээс бидэнд нарийн мэдээлэл алга байна. Бид цаашлаад нөхөн сэргээлтийн стандартаа боловсруулах ёстой” гэв.

КОИКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгч ноён Ли Дунг Гү “Мэдээллийн бааз байгаль орчны бохирдлоос урьдчилан сэргийлэхэд ач тусаа өгнө гэж үзэж байна. Энэ салбарт манай улсыг сонгон, хамтран ажиллаж буйд талархаж байна” гэлээ.

Уул уурхайн салбарт байгаль орчны нөхөн сэргээлтийг араас нь хийх бус угтаж гүйцэтгэх нөхцөлийг алсдаа авчрах ач тустай энэ ажлын гол хэсэг болсон хөрсний дээж цуглуулах “аян” ирэх хавраас эхлэх юм байна.

 
Б.Төгсөө