Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар нийгэмд олон янзын байр суурь идэвхжиж байна. УИХ-ын намрын чуулганаар уг хуулийг хэлэлцэж, батлах учраас улстөрчид болон уул уурхайн мэргэжлийн байгууллагууд, судлаач шинжээчид хуультай холбоотой санал бодлоо илэрхийлсээр байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын Уул уурхайн Үндэсний Ассоциаци, Уул уурхайн хууль тогтоомж Судлалын Сан хамтран Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр “Монгол Улсын Ашигт малтмалын хууль: Хөгжил ба чиг хандлага” сэдэвт онол практикийн хурлыг 11 дүгээр сарын 15-нд Чингис зочид буудалд зохион байгуулсан юм.
Хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан, Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг болон эрдэмтэн, судлаачид, орон нутгийн засаг захиргааны төлөөллүүд оролцож, Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилт, тулгарч буй асуудлууд, орон нутаг дахь нөлөөллийн талаар илтгэл тавьлаа. “Хуулийн төслийг олон нийтийн санаа бодолд тулгуурлан боловсруулан Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хэлэлцүүлсний эцэст УИХ-д өргөн барина. Тийм учраас санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй” хэмээн П.Цагаан зөвлөх хуралд оролцогчдод сануулж байв.
Г.Идэр