Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

"CHINA MINING CONGRESS AND EXPO 2010" ЭХЭЛЛЭЭ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр

Тяньжин хот өнөөдөр хөл хөдөлгөөн ихтэй байна. “China Mining 2010”-ын лого бүхий цэнхэр өнгийн далбаагаар хотын гудамж талбайг чимж, зам дагуу хамгаалалтын ажилтнууд жагсчээ. Уул уурхайн тэргүүлэгч компаниудын төлөөлөл, шилдэг бизнесмэн, санхүүчид  дэлхийн өнцөг булан бүрээс Тяньжин хотод  хүрэлцэн ирсэн байна. Тяньжин хотын онгоцны буудал, олон улсын галт тэрэгний буудалд өглөөний суудлаар ирсэн эдгээр төлөөлөгчид “China Mining Congress and Expo 2010” арга хэмжээнд оролцохоор хотын зүүн захад байрлах Tiajing Meijiang үзэсгэлэнгийн төв цогцолборын зүг яарч байлаа.

Тэдний дунд Бээжин, Тяньжинд уул уурхай, газрын тос, ураны чиглэлээр их, дээд сургуульд суралцдаг монгол оюутнууд ч байв. Энэхүү арга хэмжээнд  эрдэс баялаг, уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа дэлхийн 40 гаруй орны 2600 орчим төлөөлөгч, зочид оролцож байна. Тэд харилцан туршлага судлах,  компанийнхаа ирэх жилд хэрэгжүүлэх төсөл, ашиглалтад байгаа орд газруудаа танилцуулах,  геологи судалгааны хөгжлийн шинэ ололт, нөөц баялгийн шинэ ордын талаар мэдээлэл солилцох, хайгуул судалгааны санхүүжилт олох, гол гол худалдан авагч компаниуд, зах зээлийн судалгааны агентлагуудтай холбоо тогтоох, шинэ санаа худалдан авахыг зорьж байна.

“China Daily” сонины өнөөдрийн дугаар гудамжны буланд байрлах  сонин борлуулах цэгүүдэд эрэлттэй байв. Тус сонины шинэхэн дугаарт “Gold rush to Tianjing`s congress”, ” Largest of its kind in Asia and still growing” нийтлэл болон энэхүү арга хэмжээний талаар нийтэлжээ.  Мөн төв телевизээр энэ өдрийн хурал, үзэсгэлэнг шууд дамжуулан үзүүлж байна.

“China mining 2010” арга хэмжээнд зориулан  ашиглалтад орсон үзэсгэлэнгийн  Tiajing Meijiang төв нь 5000 орчим суудалтай хурлын танхим, бага хурлууд зохион байгуулагдах жижиг бизнес өрөө, интернэттэй холбогдох заал, 3000 хүн зэрэг хүлээн авах ресторан зэргийг багтаасан орчин үеийн цогцолбор юм. Өнөөдөр энд нээгдсэн экспод оролцож буй компаниуд  цогцолборын  баруун хэсэгт байрлах 10 метр урт танхимд орон орны онцлогийг харуулсан 500 орчим павильон засч, өвөрмөц дизайн, чимэглэл, сүүлийн үеийн технологийн дэвшлийг ашиглан үйл ажиллагаагаа сурталчилж буй нь Экспо-үзэсгэлэн сонирхогчдын сонирхлыг ихэд татаж байлаа.

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ удаагийн арга хэмжээнд дэлхийд танигдсан “Sandvic”, “Bucyrus” “Prophecy resourse”, “Micromine” компаниуд үйл ажиллагаагаа сурталчилж, ойрын жилүүдэд хэрэгжүүлэх бизнес төлөвлөгөөгөө танилцуулж байв.  Tiajing Meijiang  үзэсгэлэнгийн төвийн гаднах талбайд тус компаниудын техник, технологи шинэ бүтээл-аварга том төхөөрөмжүүд тавигдсан байна. Уул уурхайн олборлолт, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Канад, Аргентин, Австралийн компаниуд  энэ удаа өргөн бүрэлдэхүүнтэй, өндөр ач холбогдолтой оролцож байлаа. Үзэсгэлэнгийн танхимын баруун хэсэгт байрлах  эдгээр павильонуудад зочид олонтой, ажил хэрэгч яриа  өрнөж байна. Энэ удаа Латин Америк, Африкийн орнууд оролцож байгаагаараа онцлог бөгөөд тэдний дундаас аргентинчууд цэнхэр хөх өнгийн малгай, ороолтоор ижилссэн нь эрс ялгарч содон харагдаж байв.
Ангол, Судан, Замби, Энэтхэгийн компаниуд ч хайгуул судалгааны ажил, сүүлийн үеийн техник технологио өргөн сурталчилж  байлаа.

Мөн Хятадын эрдэс баялаг, уул уурхайн салбарын шилдэг компаниуд болох “Chinalco”-гоос гадна шинээр гарч ирж буй компаниуд сурталчилгаагаа өргөнөөр явуулж олборлосон бүтээгдэхүүн алт, мөнгө, үнэт чулуу оюу зэрэг түүхий эдийн дээжийг сонирхуулж байв. “China gold” компани 99.99 сорьцтой, тоосгоны хэрийн  цул алтан гулдмайг үзэсгэлэнгийн төв хэсэгт байрлуулж олны нүдийг хужирлав.  Тэдний дунд Тяньжин хотын хөрөнгийн биржийн  ажилтнууд   тухайн өдрийн хувьцааны ханшийн мэдээллийг мэдээлж байсан нь оролцогчдын сонирхлыг ихэд татсан юм.

Энэ удаагийн China Mining хурал Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд төдийгүй дэлхийн уул уурхайн салбар хурдацтай хөгжиж буйг харуулж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой болж байна. 


Дэлхийн  гигантуудын  уулзалт

Дэлхийн хамгийн хурдацтай өсч буй эдийн засгийн бүс болох БНХАУ-ын Тяньжин хотноо эхэлсэн “China Mining” хурал “Дэлхийн болон Хятадын уул уурхайн сэргэлтэд: Хамтын ажиллагаа, Хариуцлага, Хөгжил” сэдвийн дор зохион байгуулагдаж байна. БНХАУ-ын Газар нөөц, баялгийн сайд Xu Shao Shi  үг хэлж, “China Mining Congress and Expo 2010” хурлыг албан ёсоор нээв. Хурлын эхэнд тус улсын Газар нөөц, баялгийн дэд сайд Yun Xiaosu Хятад улсын өнөөгийн  уул уурхайн хөрөнгийн зах зээлийн талаар илтгэл тавилаа. Тэрбээр “БНХАУ-ын уул уурхайн салбар хурдацтай хөгжиж буй энэ цаг үед China Mining хурал ихээхэн ач холбогдолтой юм. Энэ салбарын хөгжил манай улсын ирээдүйн эдийн засгийн чиг хандлагад шууд нөлөөлөх нь гарцаагүй. Тиймээс энэ удаагийн хурлаар уул уурхайтай холбоотой бүхий л асуудлыг хөндөхийг чухалчиллаа. Мэдээж хэрэг, ашигтай салбаруудынхаа талаар эхлэн ярилцах нь гарцаагүй. Тэр дундаа ашигт малтмалын нөөц ихтэй улс орнуудын гадаад худалдааг харгалзахгүй өнгөрөөж болохгүй” гэсэн юм. Дэлхийн банкны тэргүүн, хатагтай Нгози Оконджо-Ивеала илтгэлдээ “Африкт хөрөнгө оруулахаас битгий ай, бидэнд ойрт. Хөгжил өөрчлөгдөж байна. Бид өөрөөр сэтгэх шинэ үе ирлээ” гэж илтгэлдээ онцлов. БНХАУ дахь Канад, Австралийн элчин сайд нар өөр өөрийн орны уул уурхайн салбарын хөгжлийн талаар илтгэл тавьсан юм. Үдээс хойш “China Mining Congress and Expo 2010”-ын гол хурал тодорхой сэдвүүдийн дор хуралдав. Уул уурхай, хөрөнгийн зах зээл, түүхий эд, уран, төмрийн  хүдэр, хууль эрх зүйн орчин болон бодлого зэрэг сэдвээр хуралдав. Монгол улсын уул уурхайн өнөөгийн хөгжлийн талаарх тусгай хурал China Mining-ийн хоёр дахь өдөр буюу өнөөдөр зохион байгуулагдах юм.

Олон улсын  хурлын дараа Латин Америк, Ази, Хятадын уул уурхайн талаар төлөөлөгчдөд сонирхуулах бөгөөд уул уурхайн технологи, тоног төхөөрөмжийн шинэ хөгжил, дэвшлийн ололтыг танилцуулахаар төлөвлөжээ. 


Ц.Сүхбаатар: Монгол улс хөрөнгө хайгч биш бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, экспортлогчийн хувьд оролцож байна

“China Mining Congress and Expo 2010” хурлын үеэр Монгол улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Ц.Сүхбаатар хоёр орны эдийн засаг, уул уурхайн салбарын ирээдүйн хөгжлийн талаар “MMJ” сэтгүүлд байр сууриа илэрхийллээ.

“Дэлхийн уул уурхайн салбарт тэргүүлэгч орнууд цугладаг томоохон хурал болж байна. Хятад улс дэлхийд хамгийн их түүхий эд үйлдвэрлэж, хэрэглэж буй орон. Энэ улс зохион байгуулж буй өндөр ач холбогдолтой хуралдаа манай орныг оролцохыг урьсан. Монгол улс өнөөдөр уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын сонирхлыг татдаг улс болсон нь эндээс харагдаж байна. Тиймээс Монгол улс энэ удаагийн China Mining хуралд хөрөнгө оруулагч хайж биш өөрсдөө уул уурхайн бүтээгдэхүүн гаргах экспортлогч орны хувьд оролцож байгаа нь ихээхэн ач холбогдолтой юм.

Манай хоёр улс газар зүйн байршлын хувьд их ойр. Бусад улсын хөрөнгө оруулагчидтай харьцуулахад энэ нь давуу тал юм. Мөн Хятад нь санхүүгийн өндөр чадавхитай улс. Тус улсын эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа тул эрчим хүчний түүхий эдийг импортлох шаардлага бий. Монгол улсад эрчим хүчний түүхий эд болох нүүрсний нөөц элбэг. Тиймээс ойрын ирээдүйд хоёр орны эдийн засгийн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа эрс нэмэгдэнэ. Тэр дундаа нүүрсний салбарт маш өргөн хүрээтэй худалдаа, хөрөнгө оруулалт хийх төлөвтэй байна.
Монгол улсын өнөөдөр ашиглаж буй хамгийн ойрын далайн боомт бол Тяньжин. Энэ боомтод Хятадын Засгийн газар ихээхэн анхаарал тавьж, Зүүн хойд Хятадын эдийн засгийн төв болгох бодлого явуулж байна. Энэ нь манай улсын сонирхолд ч нийцэж байгаа. Монгол улстай төмөр замаар шууд холбогдсон цорын ганц боомт бол өнөөдрийн байдлаар Тяньжин л байна. Цаашид гуравдагч зах зээл Ази, Номхон далай, Америкийн орнууд руу бүтээгдэхүүнээ гаргах гол боомт маань ч энэ юм. Манай улсын компаниуд ч үүнийг анхааралдаа авч, өөрийн төлөөллийг бий болгон газар түрээслэх, агуулах барих ажлуудаа эхэлж байна. Энэ утгаараа Тяньжины боомт яваандаа их ирээдүйтэй газар болно. 

Хятад улсын эдийн засаг ирээдүйд улам эрчимтэй, хурдацтай хөгжинө. Энэ нь манай улсын хувьд бас нэг боломж юм. Манай улсын уул уурхайн том ордууд ашиглалтад орж, эдийн засгийн эргэлтэд ороход санхүү, техник технологийн боломж Хятадад гарч ирнэ. Энэ боломжийг бид зөв өнцгөөс нь харж, ашиглах хэрэгтэй.” 

                  
Э.Оджаргал, Р.Эрдэнэдэлгэр

Thе Mongolian Mining Journal
Хятад улс, Тяньжин хот