Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ БОЛ ЗАРДАЛ БУС БИЗНЕС

Уул уурхайн салбарын хөгжлийн суурь болсон хүн “капиталын” хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг /ХАБЭА/ нэгдүгээр зэрэгт тавьж ажилладаг болох тухай хэлэлцэж, зөвлөмж гаргалаа.  Тус салбарын ХАБЭА-н талаарх энэхүү улсын анхдугаар зөвлөлгөөнд эрдэмтэд, бизнес төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагын нийт 300 гаруй хүн цуглаж “энэ бол үрэлгэн явдал бус зөвхөн компанийн хэмнэлт, хөгжил, баталгаа” гэсэн санааг илэрхийлж байв. Зөвлөлгөөний зохион байгуулагч тал болох Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн албаны дарга М.Ариунбаяр “Бид салбарын хөгжилтэй холбоотойгоор байгаль орчны хамгаалал, техник төхөөрөмж гээд янз бүрээр л ярьж байна. Гэвч хүнээ анхаарах нь хамгийн чухал юм. Тиймээс бид хамтаараа цуглаад, төр, уул уурхайн аж ахуй нэгжүүд цаашдаа юу хийх талаар санал солилцож байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуульд манай салбарын талаарх зүйл заалт нь тодорхойгүй, шинэчлэх зүйл их байдаг. Түүнчлэн бид дүрэм журмуудаа ч шинэчлэх хэрэгтэй байна.  Улсад ганц байдаг уул уурхайн аврах алба одоо нэгхэн цэгт байрлаж, үеэ өнгөрөөсөн техник баазтайгаар ажиллаж байна. Гэхдээ бид одоо бол осол гарсны дараа амь аврах тухай ярьдаг сэтгэлгээнээсээ салж, урьдчилан сэргийлэхэд голчлон анхаарах нь зүйтэй”

Бүтэн өдөр үргэлжилсэн зөвлөлгөөний эхэнд холбогдох яамд, байгууллагын төлөөлөгч нар илтгэл тавьсан бол залгуулан “Эрдэнэт” үйлдвэр,  “Бороо гоулд”,  “Рэдпаф”,   “Энержи Ресурс” зэрэг хүнээ илүүтэй анхаардаг гэгддэг компанийн төлөөлөл ололт амжилтаа олонд танилцуулсан юм.

Компанийн илтгэгчид олон санаа хэлсний дотор хандлага маш чухал болохыг тэд онцолж байв.     “Бизнесийн амжилтын гол үндэс бол тухайн байгууллагын удирдлага, ажилчдын ХАБЭА-г эрхэмлэх зөв хандлага” гэж тэд ярьцгааж байлаа.  Үл буруутгах бодлого, тогтмол сургалт, байгууллагын үнэт зүйл, соёлыг бий болгох нь уг ажлын гол суурь ажээ.

Өнөөдөр дэлхийн хэмжээнд жилдээ найман мянга гаруй хүн уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн ослын улмаас хорвоог орхиж байна. Монголд сүүлийн дөрвөн жилд 117 хүн уул уурхайн салбарын ослоор амь насаа алдаж, 39 хүн тахир дутуу болжээ. Манай улсын ослын шалтгааны 26 хувийг гулсалт нуралт, 25.6 хувийг аюулгүй байдлыг хангаж ажилладаггүй зуршилын уршиг эзэлдэг байна.

Аврах албаны хувьд манай улсад ганцхан төв алба Налайхад “торойж” сууна. Багануур, Баянтээг, Рэдпаф, Бороо гоулд, Энержи Ресурс, Оюутолгой, “Эрдэнэт” үйлдвэр зэрэг долоон компани хувьдаа аврах алба байгуулан ажиллаж байгааг эс тооцвол бусад аж ахуй нэгжийн уурхайчдын аюулгүй байдал ганцхан цэгт байрладаг,  “техникийн хомсдол” гэсэн “тэмдэгтэй” байгууллагад даатгагддаг. Тус байгууллагыг санхүүжүүлэх сан байгуулах тухай ярьж буй ч хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байж шийдэх ёстой юм байна.

Байгууллагууд ерөнхийдөө ХАБЭА-г хангаж ажиллах нь биднээс хамаарах ажил гэдэгт санал нэгдсэн. Гэвч одоогоор Эрүүл мэндийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд ХАБЭА-тай холбоотой хэлтэс байтугай мэргэжилтэн ч байхгүйгээр  “урсаж” буйг салбарынхан шүүмжлэв.

Зөвлөлгөөнд оролцогчдын саналаас тогтсон зөвлөмжийн нэгдүгээр бүлэгт хууль эрх зүй, дүрэм журмыг шинэчлэх, хоёдугаар бүлэгт “өнчин” бус олон бүсэд төвтэй өнөр өтгөн аврах албыг байгуулах, гуравдугаар бүлэгт ХАБЭА-н менежментийн системийн загвар компанийг бий болгох, уурхайчдыг даатгалд хамруулах асуудлыг оруулав.

Зөвлөлгөөний хаалтын үгийг МУУҮА-ийн Ерөнхийлөгч Д.Дамба “Геологи, газрын тосны салбарынхан ирсэн бол бүр илүү байх байлаа. Бид цаашдаа төрийн аппаратын оролцоог аль болох цөөлөх ёстой. Тэсэлгээний ажлыг Батлан хамгаалахын яаманд хариуцуулдаг болгох гээд зарим нэг маань хөөцөлдөөд явж буй нь их утгагүй зүйл. Бид хэрэв ХАБЭА-н төвтэй болвол тэр нь төрийн бус л байх ёстой. Энэ ажил бол төр бус бидний хийх ажил юм” гэв.

Уул уурхайн салбарын хөгжлийн гол хэмжүүр болсон ил, далд уурхайн ХАБЭА-н  дүрэмд орчуулгын алдаа битгий хэл үг үсгийн алдаа “цохиж” яваагийн дээр энэ нь хэтэрхий хуучирч “элэгдсэн” заалттай “шар цаас” болж хувирсныг  төлөөлөгчид шүүмжилсээр байсан нь энэ амин чухал зайлшгүй “баганыг” манай улс хэр зэрэг анхаарч, боловсруулсныг тод илтгэнэ. Түүнчлэн манай улсад “ил, далд уурхайн техник ашиглалтын дүрэм” огт байдаггүйг шүүмжлэв. Хэдий нөхцөл байдал ийм тодорхойгүй байгаа ч тусгайлсан зөвлөлгөөнөөр цугаараа хурснаар, зохион байгуулалтад орж, нэгдсэн хүчээр ХАБЭА-н стандартыг мөрдөж, уул уурхайн салбарыг суурьтай хөгжүүлэх эхлэлийг тавьж байна гэж талууд үзэж байсан юм. Ийнхүү арваннэгдүгээр сарын 08-нд уул уурхайн салбарт хүний аюулгүй байдлын төлөө дуугарах дуу хоолойг нэгтгэн зангидах оролдлогыг хийсэн нь том эхлэл байлаа.

Б.ТӨГСБИЛЭГТ