Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД МОНГОЛЫН ТАЛААР СОНИРХОВ

Монголын уул уурхайн салбар хөгжлийн гараандаа ирээд буй энэ цаг үед манай улсыг чиглэсэн гадны хөрөнгө оруулагчдын сонирхол улам нэмэгдэж байгаа нь илхэн. БНХАУ-ын Тяньжин хотноо зохион байгуулагдаж буй олон улсын хэмжээний “China mining Congress and Expo 2010” хурлын хоёр дахь өдрийн үдээс хойш Монгол улсын уул уурхайн салбарын талаар илтгэл тавигдлаа. Харин илтгэлийг монгол хүн бус Монголд үйл ажиллагаа явуулдаг ResCap компанийн Ерөнхий гүйцэтгэгч захирал Эрик Зуррин танилцуулсан юм. Тус компани нь  Монгол улсын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй   эсвэл нэвтрэх боломжийг идэвхтэйгээр хайж байгаа компаниудад санхүүгийн зөвөлгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 

Монголын уул уурхайн салбарын тухай уг илтгэлийг  Өмнөд Африк, Латин Америкийн орнууд болон Австрали, Хятад улсын хөрөнгө оруулагчид ихээхэн сонирхон, анхааралтай сонсож байлаа. Илтгэлийн дараа ч ноён Эрик Зурринтэй уулзаж, өөрийн компанийг танилцуулан, нэрийн хуудсаа өгөхийг хүсэгчдийн дараалал урт байв. Мөн илтгэлийн үеэр гадны хөрөнгө оруулагчид өөрсдийн сонирхсон асуултдаа  дэлгэрэнгүй хариултыг авсан юм.

Олборлолт явуулахад шаардлагатай усны нөөцийн талаар та ямар мэдээлэлтэй байна вэ? 

Усны нөөц нь олборлолт явуулахад маш чухал үүрэгтэй. Говийн бүсэд нөөцийн тест хийж байгаа компаниуд давхар усны хайгуулыг хийж яваа. Жишээ болгон ярихад Хятад-Монголын хилээс 100 км зайтай нэг компани үйл ажиллагаа явуулдаг. Хувийн компани учраас нэрийг нь дурдахаа больё. Тэрхүү компаниас болон Айвенхоу Майнз-аас усны нөөцийн тухай лавлан асуухад ямар ч асуудалгүй гэж байсан. Эдгээр компани нь  олборлолт явуулах усны нөөцөөс олж  байгаагаас гадна   нутгийн ард иргэдийг ундны усаар хангахад  давхар тусалж байгаа.


Засгийн газар нь уул уурхайн салбараа хөгжүүлэхэд ямар үүрэг оролцоотой байдаг вэ?

Монголын Засгийн газар   хэд хэдэн зүйлийг онцлон   дэмжин ажиллаж байгаа. Үүнээс хамгийн түрүүнд өрнө, дорныг холбосон төмөр замыг байгуулахыг зорьж байна. Энэхүү том бүтээн байгуулалтад хамгийн багадаа дөрвөн жил зарцуулагдана. Энэ ажлын эхлэл тавигдсан.


Та илтгэлдээ нэлээд хэдэн компанийг онцолж ярилаа. Жишээ нь Айвенхоу майнз гэх мэт уул уурхайн компаниуд. Миний харж буйгаар эдгээр компаниуд өөр өөр хөрөнгийн биржид  байрлалтай байсан. Таны бодлоор Монголын уул уурхайн компаниуд аль хөрөнгийн бирж дээр гарах нь ашигтай вэ?

Тухайн компанийн сонгож буй хөрөнгө оруулагчаас  шууд шалтгаална. Жишээ нь Айвенхоу Майнз нь арван хоёр тэрбум ам.долларын зах зээлийн хөрөнгөтэй. Жижиг компаниуд ихэвчлэн Австралийн хөрөнгийн бирж дээр гардаг бол олон улсын нэр хүнд, өөртөө тохирсон хөрөнгө оруулагчдыг хайсан компаниуд Хонконг, Лондонгийн бирж дээр гардаг. Монголын ММС компани саяхан Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO  гаргасан. Австралийн хөрөнгийн бирж дээр  тус компани нь томдоно гэж ойлгож болно.


Э.Оджаргал

Thе Mongolian Mining Journal
  Тяньжин хот