Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

НӨӨЦИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ШАЛГАРСАН ТУРШЛАГУУДААС СУДАЛЖ БАЙНА

“Олон улсын нөөцийн үнэлгээний шилдэг туршлага” сэдэвт семинар Чингис зочид буудлын хурлын танхимнаа болж байна. Семинараар нөөцийн үнэлгээг хийх олон улсын шалгарсан туршлагаас судлах, тэдгээрийг өөрийн оронд нэвтрүүлэх боломжуудын талаар  зөвлөлдөж буй юм. Энэ чиглэлийн тооцоо судалгааг үнэн зөв гаргах нь салбарын хэмжээнд итгэл, ур чадварыг харуулаад зогсохгүй эдийн засгийн ололт амжилтын нэг баталгаа нь болдог. Тийм ч учраас өчигдөр эхэлсэн семинарын үеэр Канад, Австралийн мэргэжилтнүүд хуримтлуулсан туршлагаасаа хуваалцсан юм.

Нөөцийн үнэлгээний тооцоог хэт өндөр, эсвэл хэт доогуур гаргах нь тухайн компанийг эдийн засгийн хувьд алдагдалд хүргэдэг. Ийм алдагдал хүлээхгүйн тулд тухайн компани нөөцийн үнэлгээгээ хийж болох “Polygonal”, “Inverse-Distance”, “Equally weighted average”, “Kriging” гэх шалгарсан дөрвөн аргаас сонгож болох тухай FSS International группын Канад дахь Ерөнхий менежер ноён Н.Мохан санал болгож байсан. Улмаар арга тус бүрт төвлөрч тайлбарласан нь салбарын мэргэжилтнүүдийн анхаарлыг ихэд татсан юм. Гэхдээ олон улсын түвшинд мөрддөг хамгийн шилдэг, төгс арга гэж байхгүй, тэдгээр шалгарсан туршлагаас монголчууд сайн талуудыг нь аваад өөрсдийн онцлогт тохируулан үнэлэх хэрэгтэйг тэрбээр мөн сануулсан.

Монгол орон дахь геологийн судалгаа, хайгуулын ажлыг тус салбарын эдүгээ хүртэлх 70 гаруй жилийн хөгжлийн явцад тухайн үеийн стандартын дагуу боломжийн хийж ирсэн гэж семинарт оролцогчид дүгнэж байлаа. Гэвч уул уурхайн өнөөдрийн төслүүдийг хэрэгжүүлэхэд нөөцийн эдийн засгийн тооцоог олон улсын стандартын дагуу хийх нь зайлшгүй чухал болох тухайд ч мөн санал нэгдэж байв.

Хоёр өдөр үргэлжлэх тус семинарын өчигдрийн хуралд харьцангуй онолын хүрээний илтгэлүүд тавигдсан. Харин өнөөдрийн арга хэмжээнд нөөцийн үнэлгээний талаар бодит жишээнд тулгуурласан практик сонсгол  голлох юм.

Б.Төгсбилэгт