Одоогоос есөн сарын өмнө монгол менежменттэй “Хүннү Коал” компани Австралийн хөрөнгийн бирж /ASX/ дээр хувьцаагаа гаргаж, 20 сая доллар босгон шуугиан дэгдээж байсан билээ. “Хүннү Коал”-ын хувьцаа IPO хийснээс хойш тасралтгүй өсч байснаараа Австралийн хөрөнгийн биржийн /ASX/ оны дээд амжилтыг тогтоожээ.
Уул уурхайн хөрөнгө оруулалт, биржид бүртгэлтэй компаниудын талаарх мэдээллийг хүргэдэг дэлхийн хэмжээний сэтгүүл RESOURCESTOCKS жил бүр салбарынхаа шилдгүүдийг шалгаруулан олон нийтэд зарладаг уламжлалтай. Энэ жил тус сэтгүүл Оны IPO, Оны хэлэлцээр, Оны олборлолт, Оны хайгуул, Оны удирдагч, Оны олон нийтийн сонголт гэсэн зургаан номинациар шилдгүүдийг тодруулсан байна. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 18-ны өдөр Австралийн Перф хотноо болжээ. Австралийн хөрөнгийн бирж дээр /ASX/ оны дээд амжилт тогтоосон IPO хийснийг нь үнэлэн “Шилдгийн шилдэг” /Best of the Best Awards/ шагналыг “Хүннү Коал”-д гардуулсан байна.
“Хүннү Коал” компанийн хувьд өнгөрсөн хоёрдугаар сард 20 сая австрали доллар босгохоор 100 сая ширхэг энгийн хувьцаагаа нэг бүрийг нь 0.20 австрали доллараар үнэлэн гаргасан нь шилдэг амжилтыг үзүүлсэн юм. Санхүүгийн зөвлөх Deloitte тус компанийн IPO-г энэ жилийн хамгийн сайн өсөлттэй хувьцаа болж чадсан гэж үнэлээд “The Deloitte Corporate Finance IPO” судалгаандаа үндэслэлээ тайлбарласан байна.
Австралийн хөрөнгийн биржийн HUN гэсэн код бүхий “Хүннү Коал” компанийн хувьцааны нэгж үнэ 0.20-1.015 австрали доллар болж, 408 хувиар өссөн нь санхүүгийн хямралын сүүдэр бүрэн арилж амжаагүй үед бусад компаниудын хувьцааны үнэ эхний санал болгосон хэмжээнээсээ ч унаж байсантай харьцуулахад гайхалтай амжилт байсан юм. 140.2 сая австрали долларын зах зээлийн үнэлгээ бүхий тус компанийн хувьцааны ханш одоо 1.070 австрали доллар байна.
Дээрх графикт “Хүннү Коал” компанийн хувьцааны ханшийн үзүүлэлтийг харуулав.
Улаан - анхдагч зах зээлийн хувьцааны үнэ
Цэнхэр -хоёрдогч зах зээлийн хувьцааны үнэ
Ногоон -хувьцааны үнийн дундаж үзүүлэлт
The Mongolian Mining Journal