“Айвенхоу Майнз” компанийн нийт хувьцааны 49 хувийг Рио Тинто групп эзэмших үндсийг бүрдүүлсэн “онцгой” гэрээг хоёр тал өнгөрөгч лхагва гаригт үзэглэжээ. Гэрээний нөхцөлд Рио Тинто “Оюутолгой” төслийн гол менежментийг чиглүүлж, бүрэн удирдахаар заажээ. Үүний хариуд Рио Тинто “Айвенхоу Майнз”-д санхүүжилт олгохоор болж байгаа юм.
Санхүүжилтын хүрээнд Рио Тинто хамтрагч байгууллагадаа 1.8 тэрбум ам.долларын түр хугацааны зээл олгох ба “Айвенхоу Майнз”-ын 20 сая хувьцааг худалдаж авахын зэрэгцээ 1.2 тэрбум ам.долларын нэмэлт хувьцааны /rights offering/ арилжаанд давуу байдлаар оролцохоор тусгажээ. Мөн Рио Тинто нөөцөндөө буй “Айвенхоу Майнз” компанийн энгийн хувьцаанд шилжих эрх бүхий 300 сая ам.долларын үнэт цаасыг /warrant/ арилжаанд оруулахаар болжээ.
Үүнээс гадна хоёр байгууллагын дунд хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах асуудлаас болж үүссэн маргааныг арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх хугацааг хойшлуулж, 2011 оны зургадугаар сард болгох зэрэг заалт орсон байна. Гэрээний талаар мэдээлэл цацагдмагц “Айвенхоу Майнз”-ийн хувьцаа 15 хувиар огцом унаж, 25.28 канад доллартай тэнцсэн бол Рио Тинтогийн хувьцаа 0.3 хувиар суларч, 87.29 австрали доллар болжээ.
Рио Тинто компани уг гэрээг үзэглэхээс өмнө “Айвенхоу Майнз”-ын нийт хувьцааны 46.6 хувийг эзэмших эрхтэй байсан бол одооноос Оюутолгойн удирдлагыг гартаа оруулах гол зорилгоо ордын бүтээн байгуулалтын ажилд нэмэлт санхүүжилт хийх замаар ийнхүү биелүүлээд байна. “Айвенхоу Майнз”-ын хувьд энэ алхам төдийлөн ашиггүй ч тус компанид төслийн бүтээн байгуулалтын ажлыг хойшлуулах нь илүү хохиролтой байсан бололтой.
Б.ТӨГСБИЛЭГТ