Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

ТББ-УУДЫН ХАМГИЙН "САХИЛГАГҮЙ" НЬ БАЙГАЛЬ ОРЧНЫХОН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-ТББ-ууд А -д хүч нэмж чадах уу?-

А. Энэ бол аврах хурд.
℧с. Харин энэ бол сүйтгэх буюу сүйрлийн хурд. Бидний урьд хожид үзэж, сонсоогүй энэ нэр томьёо өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын улсын II зөвлөгөөний үеэр дуулдлаа. Өнөөг хүртэл төр, төрийн бус байгууллага, иргэд хаа хаанаа ℧с -г дэмжиж, хувь нэмэр оруулсаар ирснээ улсын зөвлөгөөнд оролцохоор аймаг, хотоос цугласан төлөөлөгчид хүлээн зөвшөөрлөө. Харин А -д хүч нэмэхийн тулд ТББ-ууд юу хийж чадах вэ. Энэ тухай өнөөдрөөс эхлэн хоёр өдөр үргэлжлэх зөвлөгөөнөөрөө тэд зөвшилцөх юм.

Хоёр жилд нэг удаа зохион байгуулагдахаар дүрмэндээ туссан эл зөвлөгөөнд байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж  Улсын бүртгэлд хамрагдсан төрийн бус 549 байгууллагын төлөөлөл оролцож байна. Энэ чиглэлийн ТББ-ууд анх 2008 онд эвлэлдэн нэгдсэнээ зарлаж, Байгаль орчны иргэний зөвлөл байгуулжээ. Тэгвэл өдгөө хоёр жилийн хугацаанд  тус зөвлөлийн гишүүд төр засагтай хамтрах ажлаа тогтворжуулж чадсан гэж зөвлөгөөний эхэнд дүгнэлээ. Улмаар 2010 оны байдлаар тэд 10 хуулийн төсөл, дөрвөн хууль, 14 журмыг шинээр боловсруулахад идэвхтэй оролцож санал, шүүмжээ өгсөн гэнэ. Мөн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн санаачилга болон УИХ-аар батлуулах үйл явцад нь идэвхтэй оролцсон гэлээ. Энэ  хуулийг батлуулахын төлөө байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын төлөөлөл Төрийн ордны үүдэнд суулт хийж, зарим тохиолдолд уул уурхайн компаниудын тоног төхөөрөмжид хүртэл халдаж үзсэнээ тус зөвлөлийн тэргүүн зөвлөгөөний индэр дээрээс хэлсэн. Харин ТББ-ууд цөм бодлогын түвшний ажлуудад оролцох гэж чармайхын оронд иргэд, эгэл жирийн байгаль хамгаалагч, түүний төлөө санаа зовнигсод, нөхөрлөлүүдтэй  түлхүү тулж ажиллах хэрэгтэй гэсэн шүүмж зөвлөгөөний үеэр гарч байсан юм.

“Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын хамгийн сахилгагүй, ёс зүйгүй нь байгаль орчны ТББ-ууд болжээ...” Энэ үгтэй төлөөлөгчид төдийгүй Байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн нь ч санал нийллээ. Байгаль орчноо хамгаална гэдэг хэдэн үедээ хуримтлуулах буян хэдий ч түүнийгээ хэт ёс зүйгүй, хууль журмыг уландаа гишгэлэн байж гүйцэтгэх нь ТББ-уудыг засаг төр хийгээд нийгмийн зүгээс буруушаах, шахан гадуурхахын эхлэл шүү гэдгийг тэргүүн нь сануулсан. Байгалиа хамгаалж байна гээд дурын компани руу дайрдаг, тоног төхөөрөмжийг нь сүйтгэдэг, эргээд хууль дүрэм, Байгаль орчны иргэний зөвлөлдөө хүртэл захирагддаггүй ТББ-уудын тоо даамжрах болсныг мөн анхаарууллаа. Тиймээс улсын II зөвлөгөөнөөр Байгаль орчны ТББ-уудын ёс зүйн дүрэм баталж, Ёс зүйн хороог тохоон ажиллуулах талаар хэлэлцэх гэнэ.

Өнөөдрийн зөвлөгөөний үдээс хойшх хэсэгт “Уул уурхай”, “Хүрээлэн буй орчин” зэрэг салбар хуралдаануудыг зохион байгуулсан. Харин маргаашийн хуралдаанаар Байгаль орчны иргэний зөвлөлийн дотоод ажил, алдаа дутагдлыг хэлэлцэж, дараагийн хоёр жилийн ажлын төлөвлөгөөгөө батлах аж. 

Уг нь бол ТББ-уудын үүрэг төр засагт ташуур өгч, улс орны хөгжилд иргэний нийгмийн дуу хоолойг хүргэх явдал. Товчхондоо бол А-д хүч нэмэх. Харин байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг манай ТББ-ууд дотроо суудлаа олохгүй жижиг сажиг асуудлаар мэтгэлцэж зөвлөгөөнөө өндөрлөх үү, эсвэл А-д хүч  нэмэхийн төлөө юу хийж чадахаа төлөвлөх үү гэдэг нь өнөөдрийн хувьд эргэлзээтэй байлаа.

Э.Сайхантуяа