Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

“РИО ТИНТО”-ГИЙН ЗАХИРАЛ МОНГОЛ ОЮУТНУУДАД ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА

Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ шуугианы сэдэв болж буй энэ үед дэлхийн уул уурхайн хамгийн том компанийн нэг, Оюутолгой төсөлд хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Том Албаниз Улаанбаатарт хүрэлцэн ирээд байна. Тэрбээр өнгөрсөн бямба гаригт ирсэн бөгөөд ирсэн даруйдаа Оюутолгойн уурхайтай танилцжээ.

Өнөөдөр “Зориг сан”-гийн байранд “Рио Тинто” компани болон “Зориг сан” хамтран 20 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг гардуулсан юм. Том Албаниз тэргүүтэй “Рио Тинто” компанийн удирдлагууд болон “Зориг сан”-гийн тэргүүн С.Оюун, Удирдах зөвлөлийн гишүүн, “Хас” банкны гүйцэтгэх захирал М.Болд нарын хүмүүс тэтгэлгийг гардуулсан. Тэтгэлэгт хамрагдсан 20 оюутныг сургуулиа төгстөл сургалтын төлбөрийг нь төлөхөөс гадна сар бүр 200 ам.долларын тэтгэмж олгох юм байна. Монгол улсын хөгжлийн тэргүүлэх салбар болсон геологи уул уурхайгаас гадна банк санхүү, хууль эрхзүйн чиглэлийн оюутнууд дээрх хөтөлбөрт хамрагджээ.

Тэтгэлэг гардуулах үеэр УИХ-ын гишүүн С.Оюун оюутнуудад хандаж хэлсэн үгэндээ “Үнэхээр чадварлаг оюутнуудыг шалгаруулж сургалтын төлбөрийг нь хариуцаад зогсохгүй амжиргааны асуудалдаа сэтгэл зоволгүй, сурлагадаа шамдах боломж олгосон тэтгэмжийг өгч буй “Рио Тинто”-д чин сэтгэлээсээ талархаж байна. Та бүхэн ирээдүйд Монгол улсын хөгжлийг тодорхойлох боловсролтой мэргэжилтнүүд болно гэдэгт итгэж байна. “Рио Тинто” энэ тэтгэмжийнхээ хариуд та бүхнээс улс орныхоо хөгжилд ихийг бүтээх хүмүүс болохыг хүсч байгаа. Тиймээс та бүхэн хичээнгүй сэтгэлээр хандаж, утга төгөлдөр амьдраарай” гэсэн юм.

Харин Том Албаниз “Монгол улс бол боломжоор элбэг орон. Хэдий ашигт малтмалаараа баян ч хамгийн чухал баялаг нь ард түмэн, тэр дундаа оюунлаг залуучууд юм. Бид Монголд урт хугацаагаар байх, стратегийн үйл ажиллагаанд нь оролцох бодолтой байгаа. Магадгүй та бүхнийг ирээдүйд “Рио Тинто”-гийн чадварлаг мэргэжилтнүүд болно гэдэгт итгэлтэй байна. Биднийг оюутан байхад тэтгэлэг ховор байлаа. Би тэтгэлэг авахын тулд Аляска хүртэл явж байсан. Тиймээс бид аль ч оронд байсан боловсролыг, залуусыг нь дэмжихийг чухал гэдгийг сайтар ойлгодог. Та нарыг дэмжье, тусалъя. Харин та нар өөрсдөө хичээж, их амжилтад хүрээрэй” гэсэн юм.

“Рио Тинто”-гийн тэтгэлэг тав дахь жилдээ үргэлжилж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 56 оюутан хамрагджээ. Тэдний анхдагчдын нэг ШУТИС-ийн геологийн ангийг төгссөн н.Уянга ирэх онд Харвардын их сургуульд докторын зэрэг хамгаалахаар явах гэж байгаа аж.

С.Болд-Эрдэнэ