Их үерийн улмаас коксжих нүүрсний нийлүүлэлт 5 хувиар буурна
Австралид их үер тохиосны улмаас тус улсын коксжих нүүрс олборлолтын цөм газар Queensland муж дахь 40 уурхай үйл ажиллагаагаа зогсоосон билээ. Австралийн Хамтын нөхөрлөлийн орнуудын банк /CBA/-ны мэдээлж буйгаар одоогоор дэлхийн зах зээлээс 10.3 сая тонн коксжих нүүрсний нийлүүлэлт хасагдаад байна. Дэд бүтэц эвдрэлд орсны улмаас зарим нүүрсний боомтууд 60 хувийн хүч чадалтайгаар ажиллаж байгаа ажээ. Тиймээс энэ оны эхэнд ахин дөрвөн сая тонн коксжих нүүрсний нийлүүлэлт гэрээний төлөвлөгөөнөөс хасагдахаар байгаа юм. CBA энэ жил коксжих нүүрсний үнэ 30 хувиар өсч, 293 ам.доллар/тонн-д хүрнэ гэж үзэж байна.
Алтны үнэ жилийн эцсээр 1600 ам.доллар/унци болно
Санхүүгийн зөвлөх компани Global Millenium Financial Services-ийн /GMFS/ дарга Филип Клапвижк “Алтны үнэ 1380 ам.долларт хүрч, буухын өмнө арванхоёрдугаар сард 1430 ам.долларт хүрсэн нь үнийн өсөлтийн эхлэл үе байсан байж болох юм. Үнэ эрчимтэй өсөх хандлага одоо ч үргэлжилсээр байна” гэж ярилцлагадаа дурджээ. GMFS оны эхний улиралд алтны үнэ 1360 ам.доллар/унциас ч доошлох магадлалтай хэдий ч энэхүү зах зээлийн таамаглалаа биелнэ гэж үзэж байна.
Зэсийн хомсдол, үнийн өсөлт
JP Morgan Securities компани 2011 онд дэлхийн зах зээлд 500-600 мянган тонн зэсийн хомсдол үүсч болзошгүйг мэдэгдээд байна. Энэ жилийн Лондоны металын бирж дэх зэсийн дундаж үнэ 9713 ам.доллар/тонн байх төлөвтэй байна. Харин Стандарт банкны мэргэжилтнүүдийнхээр бол зэсийн үнэ 2011 онд дунджаар 9200 ам.доллар/тонн байх магадлалтай ажээ. 2010 онд зэсийн дэлхийн зах зээл дэх дундаж үнэ 7557 ам.доллар/тонн-д хүрсэн байна. Cтандарт банкны мэргэжилтнүүдийн тооцоолж буйгаар зэсийн үнийн өсөлт 2012 онд ч үргэлжилж, дундаж үнэ нь 10000 ам.долларт хүрэх ажээ.
Төмрийн хүдрийн үнийн дээд амжилт тохионо
2010 онд Хятад руу чиглэх төмрийн хүдрийн баяжмалын /62 хувийн агууламжтай/ үнэ тонн тутам нь 146.7 ам.доллар байсан бол энэ жил 154 ам.доллар болж өснө гэж Steel Index компанийн Ерөнхий захирал Cтив Рэндалл мэдэгджээ. Төмрийн хүдрийн дундаж үнэ 2008 онд 150 ам.доллар/тонн байсан нь хамгийн дээд үзүүлэлтэд тооцогддог бөгөөд тэр жилийн гуравдугаар сард уг түүхий эдийн үнэ 200 ам.долларт хүрч байсан ажээ. Үүний дараа дэлхийн санхүүгийн хямралын нөлөөгөөр түүхий эдийн үнэ унасан байна. Дэлхийн төмрийн ассоциацийн мэдээнд 2011 онд төмрийн хэрэгцээ 5 хувиар өсөх төлөвтэй байна. 2010 оны арваннэгдүгээр сарын байдлаар дэлхийн улс орнуудын төмрийн хэрэглээ 1281 сая тонн гэж гарсан нь 2009 оныхоос 16 хувиар өссөн үзүүлэлт юм.
Б.Төгсбилэгт