Айвенхоу Майнз компани нэмэлт хувьцааны /rights offering/ арилжаанаас 1.2 тэрбум ам.доллар босгох эцэслэн боловсруулсан төлөвлөгөөгөө хувь нийлүүлэгчдэд зарлалаа. Тус компанийн Захирлуудын зөвлөл нэмэлт хувьцааны арилжааны нөхцөлийг баталж, хувьцааг Нью-Иорк, Торонтогийн биржид IVN.RT тэмдэгтийн дор болон NASDAQ биржид IVN.R нэртэйгээр худалдаалах юм байна.
Нэмэлт хувьцаа нь тогтсон дүрэм журмын дагуу компанийн хувьцаа эзэмшигчдэд ижил тэгш нөхцөлтэйгээр ширхэг бүр нь жирийн хувьцаанаас 43-44 хувийн доогуур үнээр буюу 13.88 ам.доллараар /13.93 CDN$/ худалдаалагдахаар болжээ. Нэмэлт хувьцааны арилжаанд нийтдээ 85 сая ширхэг энгийн хувьцааг худалдаанд гаргана гэж тус компани тооцоолж байна. Энэ нь Айвенхоу Майнз компанийн ”нөөцөнд” буй нийт хувьцааны 15 хувийг эзэлж байгаа юм. Уг арилжааг явуулах хугацааны товыг тус компани сонгосон биржүүд дээр ирэх оны нэгдүгээр сарын 4-25-ны хооронд байна хэмээн тогтоожээ. Нэмэлт хувьцаанаас босгосон орлогыг Оюутолгой төслийг 2012 оны сүүлээр ашиглалтад оруулахад чиглэсэн нэгдүгээр үе шатны бүтээн байгуулалтад шаардлагатай 4.6 тэрбум ам.долларын хөрөнгийн багцыг бүрдүүлэхэд зориулах юм. Харин Айвенхоу Майнз 2011 онд Оюутолгой төсөлд далд уурхай, дэд бүтэц, үйлдвэрлэлийн бүтээн байгуулалт болон тоног төхөөрөмжийн өргөтгөлд зориулж 2.3 тэрбум ам.долларын төсөв батлаад байна. Мөн 2010 онд төслийн бүтээн байгуулалтад зориулж 758 сая ам.доллар төсөвлөх саналтай байгаагаа Айвенхоу Майнз 2009 оны сүүлээр мэдээлж байсан юм. Компаниас гаргасан сүүлийн үеийн мэдээнд өгүүлснээр энэ оны сүүл гэхэд төслийн бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгийн хэмжээ 1.4 тэрбум ам.долларт хүрэхээр байна.
Уг нэмэлт хувьцааны арилжаанд арванхоёрдугаар сарын эхээр хоёр талын үзэглэсэн гэрээний дагуу Рио Тинто нь бүрэн оролцохоор болсон. Рио Тинто нэмэлт хувьцааны арилжаанд оролцсоноор тус компанийн Айвенхоу Майнз дахь эзэмшлийн хэмжээ тэлж, 42.3 хувьд хүрнэ гэж үзэж байна. Нэмэлт хувьцааны арилжааны зохицуулагчын үүргийг Citibank гүйцэтгэх бөгөөд дэд зохицуулагчаар BMO Capital Markets болон CIBC ажиллахаар болжээ.
Б.Төгсбилэгт