2010 оны эхний 11 сарын байдлаар Монгол улсын гадаад худалдааны нийт эргэлт 2.55 тэрбум ам.долларт хүрсний 77 хувийг уул уурхайн бүтээгдэхүүний орлого бүрдүүлсэн үзүүлэлттэй байна. Энэ онд “Монголын Алт” ХХК, Энержи Ресурс, Чинхуа-МАК, Тавантолгой Транс, Өмнийн говийн элс зэрэг компаниуд бүтээгдэхүүн олборлолтын хэмжээгээ нэмэгдүүлснээр нүүрсний экспорт болон орлогын хэмжээ өмнөх жилийнхээс хоёр дахин өсч, зэсийг ардаа орхижээ. Мөн төмрийн хүдэр, жоншны орлого ч 2009 оныхтой харьцуулахад хоёр дахин нэмэгджээ.
Гэхдээ одоо хүртэл гадаад худалдааны зохицуулалт үндсэндээ байхгүй байгаа нь уул уурхайн салбарын хөгжлийг “хавчиж” байгаа тул уг асуудлыг бүрэн зохион байгуулалтад оруулах бие даасан хууль, мөн түүхий эдийн бирж байгуулах зайлшгүй шаардлагатай байгаа ажээ.
Гадаад худалдааг зохицуулсан хуульгүйн улмаас түүхий эдийн жишиг үнэ тогтоох асуудал боловсронгуй бус, салбарын эдийн засгийн тогтвортой байдлыг хянахад хүндрэлтэй байгаа тухай уул уурхайн тэргүүлэх мэргэжилтнүүд өчигдөр болсон “Монголын уул уурхайн бүтээгдэхүүний олон улсын худалдаа, өнөөгийн байдал, тулгамдсан зарим асуудал” сэдэвт семинарын үеэр хэлж байлаа. Ийм байдал нь компаниудын хувьд хэтийн төлөвлөлтөө боловсруулах боломжийг бүрэн хязгаарладаг байна.
Мөн макро түвшинд шийдэх бас нэгэн чухал асуудал нь металл, нүүрсний биржийг дотооддоо байгуулах зорилт гэдгийг мэргэжилтнүүд тайлбарлаж байв. Уг биржийг байгуулахад эхний ээлжинд тухайн төлөвлөсөн хэсэгт агуулах, олон улсын лаборатор, банкны үйлчилгээ, даатгалын компани, тээвэр зуучлалын пүүс зэргийг төвлөрүүлэх шаардлагатай гэж Монголын экспортлогчдын холбооны Гүйцэтгэх захирал Д.Галсандорж хэлэв. Түүхий эдийн бирж байгуулагдсанаар зах зээлийн таатай үед ахиу хэмжээгээр экспортлохуйц түүхий эдийн нөөц бүрдүүлэх, шударга үнийн зарчим зэрэг олон асуудал зөв голдиролдоо орох юм.
Монголын нүүрсний олборлогчид энэ жил бүтээгдэхүүнээ дунджаар 51 ам.доллараар экспортолсон нь өнгөрсөн жилийн 43 ам.доллар байсантай харьцуулахад өссөн үзүүлэлт боловч олон улсын дундаж үнэ болох 150-200 ам.долларын үзүүлэлттэй харьцуулахад хэтэрхий доогуур байгаа юм. Төмрийн хүдрийн хувьд ч тонн бүрийг нь 45-80 ам.доллараар гаргаж буй нь олон улсын үнийн түвшнээс хоёр дахин доогуур байна. Чилийн зэсийг Европын холбооны улсууд тэдний тавьдаг стандартын шаардлагыг бүрэн хангадаг тул үндсэн үнийн хамт урамшуулал хүртэл нэмж төлдөг нь хэвийн үзэгдэл болсон тухай профессор Д.Галсандорж тэмдэглэсэн юм. Урамшуулал хүртэхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох сонголтыг хэрэгжүүлэх нь уул уурхайн хөгжлийн дараагийн асуудал болоод байна.