Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

ЭНЭТХЭГИЙН ГАН ҮЙЛДВЭРЛЭГЧИД ТАВАНТОЛГОЙГ ОНИЛЖ БАЙНА

Энэтхэгийн International Coal Ventures Limited /ICVL/ консорциум Афганистаны нийслэл  Кабул хотоос баруун тийш 100 км-т орших 1.8 тэрбум тонн төмрийн хүдрийн нөөцтэй гэж тогтоогдсон “Хажигак” ордод хайгуулын ажил эхлүүлэхээр шийджээ. Энэ шийдвэртэйгээ зэрэгцэн тэд Монголын нүүрс рүү хараагаа бэлчээж эхэллээ.

International Coal Ventures компани Тавантолгойн орд газрын Цанхийн баруун хэсэгт нүүрс олборлох стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах тендерт оролцохоор “ашигтай нөхцөл” бүхий материалаа Энэтхэгийн Гангийн яамны саналын дагуу нарийвчлан боловсруулж дуусгажээ.
         
Нүүрс олборлолт, ган хайлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг SAIL, NMDC, NTPC, RINL болон Coal India зэрэг компаниудаас бүрдсэн тус консорциумын ажлын хэсгийн тооцоолж буйгаар Тавантолгойн ордыг ашиглалтад оруулах болон төмөр замын дэд бүтцийн бүтээн байгуулалтад нийтдээ 2.19 тэрбум ам.доллар шаардагдахаар байгаа аж. Тус консорциумд багтаж буй SAIL, RINL хоёр компани нь ган хайлуулах үйлдвэрүүд юм.    Эдгээр үйлдвэрийнхээ коксжих нүүрсний хэрэгцээний 10 хувь буюу таван сая тонныг гадаад улс орнуудаас нийлүүлэх хэтийн бодлогыг консорциум барьж байна.

Энэтхэгийн Засгийн газрын хувьд шалгаруулалтад оролцох консорциумыг дэмжинэ гэдгээ илэрхийлжээ. Энэтхэгийн Уул уурхайн яамны Нарийн бичгийн дарга S Vijay Kumar “Тендерт оролцох компаниудад боломжтой бүх хөнгөлөлтийг үзүүлэх болно. Тендерт оролцох саналаа өргөн барьснаар шийдвэрлэхэд хугацаа алдаж мэдэх хэлэлцээ, жижиг асуудлуудыг зохицуулах гарц тодорхой болно” гэж ICVL-ийн төлөөлөгчдөд хандан мэдэгджээ. 

Б.ТӨГСБИЛЭГТ