Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

ӨСӨЛТИЙГ ДАГААД ШИЙДЭХ АСУУДАЛ ХУРИМТЛАГДАЖ ЭХЭЛЛЭЭ

Хар алт хэмээх нүүрсний баялаг нөөцөт Монгол улс нь дэлхийн эрчим хүчний шинэ тоглогч гэсэн уриан дор зохион байгуулагдаж буй олон улсын “Сoal Mongolia 2011” хурал, үзэсгэлэн өнөөдөр эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү чуулганаар зөвхөн нүүрсний талаар дагнан хэлэлцэж буйгаараа онцлог.

160 гаруй тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэгдэж буй манай улс хоёр жилийн өмнө 9.4 сая тонн нүүрс олборлож, үүнийхээ тал ч хүрэхгүй хувийг экспортолж байв. Гэтэл 2010 онд 18 сая тонн нүүрс экспортлон Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болсон юм. Ойрын жилүүдэд манай улсын нүүрс олборлолт 40-60 сая тоннд хүрэх боломжтой бөгөөд энэхүү өсөлтийн хурдцыг даган тулгамдсан олон асуудлыг төр, засгийн бодлогын түвшинд шийдвэрлэх хэрэгтэй байгаа билээ. Тухайлбал, нүүрсний салбарын татвар, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, дэд бүтцийн бодлогоор нүүрсний аж үйлдвэрийг дэмжих, нүүрсийг боловсруулж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татах зэрэг чухал зорилт тулгарч буй.

“Coal Mongolia 2011” хуралдаанаар салбарын гадаад болон дотоодын мэргэжилтнүүд энэ бүх тулгамдсан асуудлаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэн, олон талаас нь хэлэлцлээ. Чуулганы хоёр дахь өдөр нүүрсний салбарын хувийн хэвшлийн томоохон төлөөлөгчид илтгэл тавих юм. “Coal Mongolia 2010” хурал, үзэсгэлэнд дэлхийн 13 орны 170 орчим байгууллагын 500 гаруй төлөөлөгчид оролцож байна. Энэхүү чуулга уулзалт нь Монголын эдийн засгийн форумын өмнө болж байгаа бөгөөд хурлын үр дүнгийн талаар эдийн засгийн форум дээр танилцуулах аж.

Э.Од