Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

МОНГОЛ УЛС ХОНКОНГТ КОНСУЛЫН ГАЗРАА НЭЭНЭ

Хятадын Гадаад хэргийн сайд Ян Жэчи Монгол улсад хийх албан ёсны айлчлалаа өнөөдөр эхэллээ. 2007 онд Гадаад хэргийн сайдаар томилогдоод удаагүй байхдаа анхны гадаад айлчлалаа манай улсаас эхэлж байсан Ян Жэчи сайд гурав дахь удаагаа Монголд айлчилж байгаа нь энэ.

Тэрбээр өнөөдөр Гадаад харилцааны яаманд Гадаад харилцааны сайд Г.Занданшатартай хэлэлцээр хийсэн юм. Хэлэлцээрийн үр дүнд хоёр улсын Гадаад хэргийн яам хоорондын 2011-2012 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө, “Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах Монгол улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх нарийвчилсан журам, БНХАУ-ын тусгай захиргааны бүс Хонконгт Монгол улсын Ерөнхий Консулын газар байгуулах тухай ноот бичигт хоёр талын албаны хүмүүс гарын үсэг зурсан.

Эдгээрээс шинэ соргог зүйл нь манай улс Хонкогт Ерөнхий Консулын газар байгуулах санамж бичиг байв. Монгол улс олон улсын хөрөнгө оруулагчдыг татахад Азийн санхүүгийн төв Хонконгийн нөлөө их байх учир Консулын газраа нээх нь олон талын чухал ач холбогдолтой юм. Одоо Хонконгийг Бээжинд суугаа ЭСЯ давхар хамаардаг аж.

Хоёр улсын сайд нар хэлэлцээрийнхээ талаар сэтгүүлчдэд товчхон мэдээлэл хийлээ. Монгол улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар “Монгол улс, БНХАУ хооронд стратегийн түншлэлийн харилцаа тогтоох талаар зарчмын тохиролцоонд хүрэх, түүний агуулгын тухайд санал солилцох нь яриа хэлэлцээрийн гол агуулга байлаа” гэсэн бол Ян Жэчи сайд “Энэ удаагийн хэлэлцээрээр бид хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хэд хэдэн тохиролцоонд хүрч чадлаа” гэв.

Хятадын Гадаад хэргийн сайд Ян Жэчигийн айлчлал маргааш өндөрлөх бөгөөд өнөөдөр орой Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхах бол маргааш Ерөнхий сайд С.Батболдод бараалхаснаар айлчлал өндөрлөх юм байна.


Б.Болд-Эрдэнэ