Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Монголын эдийн засгийн чуулган-Ерөнхийгөөс тодорхой руу

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Өнөөдөр Монголын эдийн засгийн чуулганы хоёр дахь өдөр. Цаг зав, хөрөнгө хүч, сэтгэл оюуныг нэгэн дор цуглуулж, Монгол улсын хөгжлийн гарц, түүний төлөөх чухал, онч санаа оноог нэгтгэн сонсох хоёр өдрийн чуулган өндөрлөж байна.

Монголын эдийн засгийн хоёр дахь удаагийн чуулган оролцогчдод нэгийг бодуулах,  Монгол улсын хөгжил дэлхийн хэмжээнд хаана яваа талаар гонсойм хэд хэдэн тоон мэдээллээр эхэлсэн юм. Тодруулбал, Монгол орон хүний хөгжлийн индексээр дэлхийн 169 улсаас 100 дугаар байрт жагсчээ. Мөн эдийн засгийн хамгийн чухал үзүүлэлт болох өрсөлдөх чадварын индексээр нэлээд чамлалттай дүн сонсдог төдийгүй авах ёстой 100 онооноос дөнгөж 23-ынх нь бололцоог хангаж, улмаар судалгаанд хамрагдсан нийт орноос сүүлээсээ 24 дүгээр байрт жагссан байгаа юм. Энэ мэт нэгийг бодогдуулах олон тоон мэдээ ар араасаа цуварна. Түүний хажуугаар анхаарал татам сайн мэдээ ч бас бий. Гэвч энэ удаагийн эдийн засгийн чуулганыг мэдээлэл өгч, гомдол тоочин, шүүмжилдэг байнгын хурал уулзалтаас өөр байлгах нь оролцогчид хийгээд зохион байгуулагчдын нэг зорилго  байсан юм. Тийм ч учраас онч мэргэн санал санаачилгууд чуулганы амин сүнс байлаа. Улмаар хөгжлийн төлөө хөндөх ёстой 15 сэдвийг сонгож, тус бүрд нь салбар хуралдаан зохион байгуулав. Тодруулбал, “Иргэний холбоо, мэргэжлийн холбоодын чадавх”, “Компанийн засаглал”, “Төр, хувийн хэвшлийн түншлэл, санхүүжилт”, “Төрийн албаны шинэчлэл”, “Бизнесийн таатай орчин”, “Орон нутгийн хөгжил”, “Хотын хөгжил” гэх мэт үндсэн 15 сэдвээр салбар хуралдаанууд болж өндөрлөлөө. Хуралдаанаас гарсан санал, санаачилгуудыг нэгтгэж, Монгол улсын эдийн засгийн хөгжлийн газрын зураг, бүтцийг гаргахад ашиглах юм.

Монголын эдийн засгийн чуулган нь дэлхийн хэмжээнд нэлээд болдог форумуудын жишиг, туршлагаар зохион байгуулагдаж буй юм. Улмаар дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтуудыг зохион байгуулдаг багийн гишүүд ирж, хуралдааны нэг хэсгийг хөтөлж, харин олон улсын санхүүгийн байгууллагуудын төлөөлөл Монгол улстай холбоотой санал бодлоо хуваалцсан юм.

Дэлхийн улс орнуудыг эдийн засгийн бүтцийнх нь хувьд мэдлэгт суурилсан эдийн засагтай болон баялагт тулгуурласан эдийн засагтай гэж ангилах нь бий. Тэгвэл бидний одоогийн төлөвийг олон улсын байгууллагууд болон дэлхий уул уурхай баялагт суурилсан эдийн засагтай хэмээн тодорхойлж байна. Гэвч Монгол улсын төр, засгийн удирдлагууд энэ тодорхойлолттой санал нийлэхгүй байгаа юм. Учир нь Засгийн газар мэдлэгт суурилсан эдийн засагтай орон болгох талаар бодлого төлөвлөлтөө зориулж буй. Угаас дэлхийн олон орны туршлагаас үзэхэд баялагт суурилсан эдийн засагтай орнууд хөгжлийн өндөрлөгт төдийлөн хүрч чаддаггүйн дээр хүрсэн ч урт удаан хугацаанд тогтвортой хөгжиж чаддаггүй. Үүний томоохон нэг шалтгаан нь баялгийн хараал буюу газрын хэвлийн нөөцөө ашиглан хөгжил дэвшилд хүрэх биш харин ч уналт доройтлын эх үүсвэр болгох үзэгдэл юм. Байгалийн асар их баялагтай хэмээн дэлхий нийтэд шагшигдаад буй энэ цаг үед Монгол орон баялгийн хараалд өртөх өндөр магадлалтай учир олон улсын байгууллага, судлаач, эрдэмтэд анхааруулга, сануулга өгсөөр байна. Нөгөө талаар байгалийн нөөцтөө хэт бардах үзэгдэл буюу баялгийн дэмийрэл өнөөдрийн Монгол оронд хэт туйлширч байгааг МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл шүүмжлэн асуудал дэвшүүлсэн юм. Оролцогчид ч үүнтэй санал нэгдэж, уул уурхайн баялгаа оновчтой зөв арга барилаар ашиглан, эдийн засгийн хөгжилд хүрэх талаар санаа оноогоо дэвшүүлж байлаа.


Ямартай ч Монголын эдийн засгийн чуулган хоёр өдөр үргэлжилж өндөрлөлөө. Чуулганы үр дүн, эргэн тойрон дахь мэдээлэл, ажиглалт дүгнэлтийг уншигч Та MMJ-ийн ирэх дугаараас дэлгэрэнгүй уншаарай.


Э.САЙХАНТУЯА