Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Монгол улсын өрсөлдөх чадварын судалгааг хийснээ танилцууллаа. Урьд нь олон улсын байгууллагуудын санхүүжилтээр өрсөлдөх чадварын судалгааг хийж байсан ч энэ удаагийнх Монголын хувийн хэвшлийнхний санхүүжилтээр хийсэн иж бүрэн судалгаа гэдгээрээ онцлог юм. MCS, “Ньюком”, “Мобиком”, МАК, Худалдаа хөгжлийн банк, “Жаст” групп, “Чингис интернэшнл” групп компаниуд судалгааг санхүүжүүлсэн байна.
Тайлан судалгааны танилцуулгын үеэр Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан “Өрсөлдөх чадвар гэдэг эдийн засгийн амин сүнс нь байдаг. Бид энэ судалгааг хийснээрээ өөрсдийгөө хаана явна гэдгээ олоод харчихаж байгаа юм. Хүнээр бол рентгенээр бүх биеийнхээ зургийг авахуулж байгаатай ижил” гэв.
Монгол улсын өрсөлдөх чадварын судалгааг хийхдээ хуучин коммунист системээс зах зээлийн эдийн засаг руу шилжсэн Болгар, Словак, Казахстан, Словен болон ашигт малтмалаа түшиглэн хөгжиж байгаа Чили, өрсөлдөх чадвараараа дэлхийд тэргүүлж буй Сингапур, Малайз зэрэг 15 улстай харьцуулан хийжээ. Нийт 100 онооноос 23 оноо авч дундуур нь жагслаа хэмээн тус төвийн захирал Ч.Отгочулуу танилцуулсан юм.
Энэхүү судалгааг эхний ээлжинд англи хэл дээр гаргасан бөгөөд удахгүй монгол хэл рүү орчуулан гаргах юм байна. Мөн Монгол улсын өрсөлдөх чадварын судалгааг жил бүр хийж байхаар тогтжээ. Энэхүү судалгааны талаар зарим хүмүүсээс тодрууллаа.
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын
судалгааны төвийн захирал Ч.Отгочулуу:
Өрсөлдөх чадвараараа тэргүүлж байгаа улсыг 100 оноотой гэж үзвэл Монгол улс 23 оноотой байна. Бид эхний ээлжинд арай хураангуй үзүүлэлтээр судалгаа хийсэн. Хамгийн хойш татаж байгаа 40 орчим үзүүлэлтийг тодорхойллоо. Жишээ нь, манай төрийн үр ашиггүй байдал маш өндөр байна. Мөн нэг багшид оногдож байгаа сурагчийн тоо олон улстай харьцуулахад хамаагүй өндөр байгаа нь өрсөлдөх чадварыг хойш татсан нэг үзүүлэлт болсон. Дээр нь инноваци чиглэлийн зүйл нэлээд дутуу дулимаг байгаа юм.
Үүний хажуугаар манайхыг өөд нь татаж байгаа үзүүлэлтүүд ч бас бий. Тухайлбал, манай улс аюулгүй, мөргөлдөөнгүй тайван орчинтой. Хоёрдугаарт, манай нийгэмд эмэгтэйчүүдийн боловсролын түвшин маш өндөр. Энэ хоёр үзүүлэлт манай өрсөлдөх чадварыг их дээш татсан. Өрсөлдөх чадварыг сайжруулах алтан дүрэм дотор эмэгтэйчүүдийн оролцоо асар өндөр байдаг. Гэтэд манайхтай адил төстэй Катар гэх мэт уул уурхай түшиглэсэн орнуудад эмэгтэйчүүдийн оролцоо маш бага байдаг. Үүнийг эдийн засгийн том нөөцийнхөө тал хүчийг ашиглахгүй байна гэж үздэг. Манайд энэ байдал эсрэгээрээ байгаа нь эерэг их том үзүүлэлт болсон.
Судалгааг гаргахад зарим нэг тоо баримт огт байхгүй нь хүндрэлтэй байсан гэсэн?
Тийм ээ. Жишээлбэл, бид хэрэглэж байгаа эрчим хүчнийхээ эх үүсвэрийн хэдэн хувийг ногоон эрчим хүчнээс, хэдэн хувийг сэргээгдэх эрчим хүчнээс авч байна гэсэн тоо ер байхгүй. Мөн олон улсад өрсөлдөх чадвартай залуу мэргэжилтэн Нью-Йоркт ажиллавал хэдэн төгрөгийн цалин аваад ямар зарлагатай байх юм, Улаанбаатарт энэ үзүүлэлт ямар байдаг гэсэн тооцоо байдаггүй байх жишээний. Нэг ёсондоо амьдрах өртөгийн индекс байхгүй гэсэн үг. Ганц тухайн улсын өрсөлдөх чадварын тухай ярих биш хүнээ өрсөлдөх чадвар бүхий амьдрах орчноор хангаж байна уу гэдгийг давхар харгалзаж үздэг.
Бид энэ судалгаагаа Ерөнхий сайдад танилцуулсан. Судалгааны дүнгээр ийм үзүүлэлтүүдээр хоцорчихсон байна, ингэж сайжруулъя гэсэн зөвлөмжийг Засгийн газарт өгнө. Удахгүй эдийн засгийн форум ч болох гэж байна. Тэнд ч бас энэ талаар яригдах байх.
“Ньюком” группын гүйцэтгэх захирал Б.Болд:
Судалгааны үр дүнгийн талаар тодруулаач?
Энэ судалгааг гаргахад ойролцоогоор 200 гаруй асуултад хариулдаг. Хуучин Дэлхийн банкны ч юм уу, аль нэг гадны байгууллагын санхүүжилтээр тайланг гаргадаг байсан. Гэхдээ тэр судалгааг яаж хийснийг бид өөрсдөө ч мэддэггүй. Харин Монголын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд энэ тайлан судалгааг яаж хийдгийг мэдээд өөрсдөө санхүүжүүлж, гаргахаар болсон. Ингэснээр хувийн компаниуд өөрсдийгөө хаана явааг мэдэж авч байгаа нь гол ач холбогдол юм.
Судалгааны дүнг харж байхад сайн ч зүйл байна, муу ч зүйл байна. Харилцаа холбоо, банкны салбарын хувьд гайгүй үзүүлэлттэй гарсан байхад дэд бүтэц зэрэг зарим салбар муу гарсан байх жишээтэй. Тухайлбал, нэг компани нээж ажиллуулах хугацаа зэрэг нь тун гайгүй үзүүлэлттэй байна. Хээл хахуулийн байдал нь сонгосон орнуудаасаа хамаарсан юм уу, их нааштай дүр зураг илэрсэн зэргээр эерэг зүйл нэлээд гарлаа.
Сөрөг болон тааруухан гарсан үзүүлэлтүүдийг сайжруулахын тулд ямар арга хэмжээ авах ёстой юм бол?
Засах үндсэн гол хөшүүрэг бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Энэ ямар учиртай зүйл болохыг ард түмэнд сайн ойлгуулах хэрэгтэй байгаа юм. Манай дөрөв дэх засаглалынхан үүнийг сайтар ойлгож, бизнесийнхний хамтын хүчээр өөрчилж хийх зүйл зөндөө байна. Засгийн газар дангаараа бүгдийг хийж чадахгүй.
С.Болд-Эрдэнэ