Австралийн зэс олборлогч “Equinox Minerals” компани үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр хоёрдугаар сарын 28-нд Канадын “Lundin Mining”-ыг 4.9 тэрбум ам.доллараар худалдаж авах санал тавьжээ. “Equinox” уг саналдаа “Lundin”–ийн нэг хувьцааны үнийг 8.1 канад доллараар тооцсон нь “Lundin”-ийн хоёрдугаар сарын 25-ны өдрийн хувьцааны ханшаас 26 хувиар өндөр байгаа юм. “Equinox” энэ үнийн саналаа нэлээд өмнө буюу зэсийн үнэ одоогийнхоос хавьгүй бага байхад төлөвлөсөн байжээ. “Зэсийн зах зээлийн үнэ уналаа ч гэсэн бид хэт эрсдэлд орохгүй” гэж “Equinox”-ийн Дэд захирлуудын нэг Carl Hallion мэдэгджээ. Санал тавьсан өдөр “Equinox”-ийн хувьцааны үнэ 8 хувиар унасан байв.
Энэхүү үйл явдлаас нэг сарын өмнө зэс олборлолтын хамтарсан шинэ компани байгуулахаар “Lundin Mining” нь Канадын “Inmet Mining” компанитай тохиролцоонд хүрээд байсан юм. Дээрх хоёр компанийн нэгдлийн талаар хувь нийлүүлэгчдийн санал хураалт гуравдугаар сарын 14-нд болох ажээ.
“Equinox” компанийн удирдагч Craig Williams “Хоёр компани нэгдсэнээр дэлхийд тэргүүлэх 10 зэс олборлогчийн тоонд багтах жилдээ 500 мянган тонн зэс олборлодог компанийг ойрын таван жилд үүсгэх юм” гэж онцолжээ. “Lundin”-ийн тэргүүлэгч Phil Wright “Би “Equinox”-ийн саналаас хэтийн ямар нэгэн ашигтай боломж олж харахгүй байна. Хэрэв “Equinox” надаас шинэ компанийн нэрээр “Lundin-Equinox” эсвэл “Lundin-Inmet” хоёрын алийг сонгох вэ гэж асуувал “Lundin-Inmet” хувилбар илүү сонсогдож байна гэж хэлэх болно” хэмээн хэлжээ.
“Lundin”-д 4.9 тэрбум долларын санал тавиад буй “Equinox” компани нь Замбид зэсийн уурхайтайгаас гадна Саудын Арабад алт, зэсийн олборлолт хийхээр бэлтгэж байгаа юм.
“Lundin”-ийн гол хөрөнгө нь Конго дахь зэс, кобалтийн ордын 24 хувийн эзэмшлийн дээр Португал, Испани, Щвед дэх зэс, никель, хар тугалга, цайрын ордууд юм.
Зэсийн үнэ өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад бараг 40 хувиар өсөөд байгаа билээ. Дэлхийн зэсийн нийт хэрэгцээний 40 хувийг Хятад улсын хэрэглээ эзэлдэг бөгөөд тус улсын эрэлт цаашид ч эрчимтэй өсөх хандлагатай байна. Хоёрдугаар сарын 28-нд Лондоны металын биржийн гурван сараар хийгддэг гэрээний хэлцлээр нэг тонн зэсийн үнэ 9,850 ам.доллар хүрчээ. Хоёрдугаар сарын дунд үеийн зэсийн гэрээгээр 1 тонн зэс 10,190 ам.доллар хүрч байсан боловч энэ сард уг түүхий эдийн үнэ харьцангуй буураад байгаа юм.