Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

ИНДЕКСҮҮД ТЭР АЯАРАА “УЛАЙВ”

Газар хөдлөлт, цунами... 

Японы зүүн эргийн Сэндай хотоос 130 км-ийн зайд далайн ёроолын 24.4 км-ийн гүнд гуравдугаар сарын 11-нд орон нутгийн цагаар 14:46 цагт 8.9 магнитудын газар хөдлөлт болсон билээ.

Газар хөдлөлтийн хүчтэй чичиргээ Хоншү арлын хойд хэсэг Тохокү бүс нутгийг хамрахтай зэрэгцэн 10 метр өндөртэй цунами түрэн орж ирж, нөхөж баршгүй их хохирол учруулав. Энэхүү онц аюултай байгалийн гамшгийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 10 мянгаас хол давах тооцоотой байна.




Санхүүгийн зах зээлд ч “цунами” болов

Газар хөдлөлт болсноос ердөө 14 минутын дараа Токио дахь Никкей 225 индекс 1.7 хувиар унажээ. Үүнийг Японы индекс наймдугаар сараас хойшхи хамгийн доод цэгтээ хүрлээ гэж хэвлэлээр онцолж байв. Цаашлаад MSCI Asia Pacific, Австралийн S&P/ASX 200, Европын Stoxx Europe 600, Хонконгийн Hang Seng, Хятадын Shanghai Composite, Солонгосын Kospi индексүүд бүгдээрээ газар хөдлөлт болсон өдөр 1-4 хувиар унасан байв.
  Түүнчлэн иений доллартай харьцах ханш энэ өдөр 0.4 хувиар буурч, 83.30 болсон нь хоёрдугаар сараас хойшхи хамгийн доод түвшин нь байв.  
Японы гамшгийн талаар Сөүлд төвтэй “Korea Investment Management” компанийн Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Кан Шин Вүү “Ливид үүссэн бослого, Европын өрийн асуудал тэртээ тэргүй дэлхийн зах зээлийг нэрвээд байтал Японд болсон газар хөдлөлт бас нэг тодорхойгүй байдал үүсгэчихлээ” гэж дүгнэжээ.

Япон улсын эдийн засгийн хохирол

Байгалийн ноцтой гамшигт нэрвэгдсэн Тохокү бүс нутаг дахь үйлдвэрлэл нь Япон улсынхаа дотоодын нийт бүтээгдэхүүний 8 хувийг эзэлдэг байна. Японы төв банк өөрийн улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангах үүднээс 183 тэрбум ам.долларыг /15 триллион иен/ нэмж төсөвлөхөөр болоод байна. Эдийн засгийн шинжээчид тус улсын бодлого тодорхойлогчид гамшгаас үүссэн хохиролыг арилгахад нийтдээ 35 триллион иений урт хугацааны зээлийн хөтөлбөр хэрэгжүүлж магадгүй гэж үзэж байна.

Японы Санхүүгийн бодлогын сайд Каору Ёсано “Энэ газар хөдлөлт өргөн талбайг хамарсны зэрэгцээ учруулах эдийн засгийн хохирол нь 20 триллион иений гарз авчирсан 1995 оны Кобэгийн газар хөдлөлтөөс ч давахаар байна” гэжээ. Санхүүгийн сайд Ёшихико Нода хохирлыг арилгах нэмэлт төсвийг сарын сүүл өнгөрч байж боловсруулж дуусгана гэжээ.

Одоогоор хамгийн их өртэй улс болоод буй Японы Засгийн газрын өрийн хэмжээ гамшгийн улмаас 5.6 хувиар нэмэгдэж,  12.2 триллион ам.долларт хүрэхээр байна.  Гамшгийн улмаас өрийн хэмжээгээ бууруулах үүднээс Ерөнхий сайд Наото Каны Засгийн газрын бондыг худалдааг 44.3 триллион иенээс хэтрүүлэхгүй байх амлалт энэ удаад хэрэгжихгүй нь нэгэнт тодорхой болжээ.


Үйлдвэрлэл дэх хохирол


Машинаас авахуулаад шар айрагны үйлдвэрүүд бүгд газар хөдлөлт, цунамин гамшигт бүрэн зогсчээ. Тухайлбал Тоёота Моторс жилд 420 мянган машин үйлдвэрлэх бүтээмжтэй хоёр үйлдвэрээ хаасан бол, Ниссан Моторс дөрвөн үйлдвэрээ хаасны зэрэгцээ, 2300 шинэ машинаа цунамид урсгажээ.
Үүнээс гадна цунами Японы тутрагийн тариалангийн гол талбайг дайрсан учир тус улс цагаан будааныхаа хэрэгцээг импортын бүтээгдэхүүнээр хангахаас өөр аргагүй байдалд хүрч байна гэж Goldman Sachs-ын мэргэжилтэн хэлжээ.

Гамшиг тус улсын 50 цөмийн реакторын арван нэгийнх нь үйл ажиллагааг  бүрэн тасалдуулсан бөгөөд  үүний улмаас Японы зэрчим хүчний үйлдвэрлэлд 12.5 гигаваттын хоосон зай үүсээд байна. Өөрөөр хэлбэл тус улсын цөмийн цахилгаан үйлдвэрлэлийн 26 хувь нь хаагджээ. Үүссэн эрчим хүчний хомсдлыг арилгахын тулд тус улсын дизель, бензин, хийн импорт өсөх нь тодорхой болоод буй ажээ.

Зөвхөн импорт бус Cosmo газрын тос боловсруулах үйлдвэрт гал гарсан нь тус улсын боловсруулах салбарын бүтээмжийг 20 хувиар бууруулаад байна. Тус улс өдөрт 4.6 сая баррель нефть боловсруулдаг. Гамшгийн нөлөөгөөр Cosmo үйлдвэрийн 220 мянган тонн нефтийн нөөцийн савнаас гал авалцаж эхлэн, улам хүчээ авснаар өдөрт 935 мянган баррель нефть боловсруулах чадамжтай үйлдвэр бүрэн зогсоход хүрчээ.
Япон эргээд хэвэндээ ороход хугацаа шаардагдахын хэрээр тус улсын төдийгүй дэлхийн эдийн засгийн сэргэлт хойшлох нь тодорхой болоод байна.


Б.Төгсбилэгт