Монголын Уул уурхайн Үндэсний ассоциаци /МУУҮА/ Монголын Өрөмдлөгийн холбоог эрдэс баялгийн салбарын хөгжилд өөрийн гэсэн өнгө төрхтэй хуудсыг нээж, үйл ажиллагаа бодлого зорилтоороо хүлээн зөвшөөрөгдсөнийг нь үнэлэн 2010 оны “Шилдэг мэргэжлийн холбоо” ТББ-аар тодруулжээ. Монголын маркшейдерийн холбоо /ММХ/, Монголын Баяжлуулагчдын холбоо /МБХ/ зэрэг уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын жилийн ажлын тайланг дүгнэсний эцэст уг шагналын олгосон хэмээн МУУҮА-ын Ерөнхийлөгч Д.Дамба шагнал гардуулах үеэрээ мэдэгджээ.
МӨХ нь 1996 онд “Өрөмдлөгийн технологи үндэсний төв” нэртэйгээр байгуулагдсанаас хойш 15 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа юм . Аль болох мэргэжил нэгтнүүдээ хооронд нь холбож, өрөмдлөгийн шинжлэх ухааны онолын чиглэлийн суурь судалгааны ажлууд хийж гүйцэтгэх нь тус холбооны зорилго байсаар ирсэн гэж МӨХ-ны ерөнхийлөгч, техникийн ухааны доктор, дэд профессор М.Наранбат онцоллоо.
Тус холбооны хичээл зүтгэлийн дүнд 10-15 өрөмтэй “Орд гео”, “Танан Импекс” гэсэн үндэсний компаниуд бий болжээ. Үүнээс гадна 1986 оноос тасраад байсан, өрөмдөгч мастеруудын дунд явуулдаг Геологи хайгуулын өрөмдлөгийн сонгон шалгаруулах уралдааныг дөрвөн жилийн өмнөөс сэргээгээд, өнгөрсөн жил Төв аймгийн Цайдамын хөндийд амжилттай зохион байгуулсан юм.