"Монголын газрын ховор элементийн экспортлогчид" /REE/ компанитай хамтарсан компани байгуулаад буй АНУ-ын компани Green Technology Solutions /GTSO/-ын Монгол дахь салбар нь Төв аймаг дахь ховор металын орд газрыг эзэмшдэг Ар Эрхэс ХХК-тай хамтран ажиллахаар урьдчилсан гэрээнд гарын үсэг зуржээ. Уг гэрээний дагуу GTSO, REE-ийн дундын компани, GTSO-ын Монгол дахь салбар болон Ар Эрхэс компани нь санхүүжилт, зах зээл, олборлолтод хамтран ажиллах юм.
Тухайбал GTSO-ын салбар болон тус компанийн REE-той байгуулсан хамтарсан компани нь хөрөнгө оруулагчийг татах, гэрээг эцэслэхэд шаардлагатай "Due diligence" буюу эрх зүйн болон санхүүгийн нөхцөл байдлыг шалган тогтоох ажлыг хэрэгжүүлэх мэргэжилтнүүдийг бүрдүүлэх үүрэг хүлээх юм. Харин Ар Эрхэс ХХК нь ордын үйл ажиллагааг удирдах ажээ. Компаниудын ажиллах орд нь Төв аймаг дахь газрын ховор металын хоёр дахь томоохон орд бөгөөд Танталын дэлхийд үлэмжид тооцогдох баялаг нөөц бүхий газар юм. Уг ордыг нэг сая тонн танталын таамаг нөөцтэйн дээр, ниоби, алт, мөнгө, тунгстен, молибдени гэх мэт баялгийн агуулгатайг Ар Эрхэс компанийн мэдээлэлд дурджээ.
Green Technology Solutions компани дөрөвдүгээр сараас газрын ховор металын хүдрийг тээвэрлэж эхлэх тухайгаа зарлаад байна. Уурхайгаас хүдрийг Улаанбаатарт ачааны машинаар хүргээд, цааш нь төмөр замаар Оросын Владивосток боомт руу тээвэрлэн, зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж буйгаа GTSO-ын Гүйцэтгэх захирал John Shearer мэдэгдэв. Тэрбээр “Бид эхний тээвэрлэлтээ дөрөвдүгээр сард хийхээр зорьж байна. Бүтээгдэхүүн худалдаж авахаар сонирхож буй байгууллагуудтай хэдийнэ холбоо тогтоосон. Боломжийнхоо хэрээр эрэлтийг аль болох шуурхай хангахаар төлөвлөж байна” гэжээ.
Б.Төгсбилэгт