Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

ХӨРӨНГИЙН БИРЖИЙГ МОНГОЛ ЗАХИРАЛ УДИРДАЖ, ЛОНДОНГИЙНХОН ТУСАЛНА

 

 

 

 

 

 

 

 

 

 



Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулах, олон улсын хэмжээнд хүргэхийн тулд Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран ажиллахаар болсон. Тэгвэл өнөөдөр Монголын Хөрөнгийн бирж Лондонгийн хөрөнгийн биржтэй “Ажлын мастер гэрээ”-нд гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зурах ёслолд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд болон ТӨХ, СЗХ, Хөрөнгийн биржийн удирдлагууд, мөн Лондонгийн хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Хавер Роле, Их Британиас Монгол улсад суугаа Элчид сайд нарын албаны хүмүүс оролцсон юм. “Ажлын мастер гэрээ”-нд ТӨХ-ны дарга Д.Сугар болон Лондонгийн хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Хавер Роле нар гарын үсэг зурсан юм.

Ийнхүү “Ажлын мастер гэрээ”-нд гарын үсэг зурсанаар гурван жилийн хугацаанд ЛХБ-тэй хамтран ажиллах юм. Энэ хугацаанд үнэт цаасны арилжаа явуулах орчин үеийн цогц системийг нэвтрүүлж, эрхзүйн орчин, дэд бүтэц, боловсон хүчний чадавхийг олон улсын түвшинд хүргэх аж. Мөн дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид орон зай, цаг хугацаанаас үл хамааран Монголын Хөрөнгийн биржийн өндөр хурдны платформд холбогдож, хямд өртгөөр, урт хугацаанд үр ашигтай арилжаанд оролцох боломж бүрдэнэ. Нөгөө талаар Монгол улсын аж ахуйн нэгж байгууллагууд дотоодын хөрөнгийн захаар дамжуулан гадаад дотоодын хөрөнгө оруулагчдаас урт хугацааны, өртөг багатай санхүүгийн эх үүсвэр татах боломж бүрдэж, цаашлаад Улаанбаатар-Лондон-Торонтогийн 24 цагийн арилжааны бүсэд холбогдон, олон улсын санхүүгийн зах зээлд гарах боломж нээгдэх болно.

Монголын Хөрөнгийн биржийг Лондонгийн бирж удирдахаар яригдаж байсан ч нийгэмд өрнөж  байгаа шүүмжлэлийг хүлээн авч, Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар монгол залуу ажиллана гэдгийг ТӨХ-ны дарга Д.Сугар мэдэгдлээ. Лондонгийн биржээс Хөрөнгийн биржийн ТУЗ-д л хүн орж ажиллах юм байна.

Гарын үсэг зурах ёслолын үеэр Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд “Аливаа улсын хөгжилд хөрөнгийн зах зээл маш өндөр ач холбогдолтой байдаг. Лондонгийн биржтэй хамтран ажиллах нь Монгол улсын хөрөнгийн зах зээлийг шинэ шатанд гаргаж, хөгжлийн чухал хөшүүрэг болно. Цаашид бүс нутгийн хэмжээнд тэрүүлэх Хөрөнгийн бирж болно гэдэгт итгэж байна” хэмээн онцолсон. Лондонгийн хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Хавер Роле “Монгол улсын эдийн засгийг олон улсын хөрөнгө оруулагчид ихээхэн сонирхож байгааг би анзаарсан. Ойрын жилүүдэд Монголын эдийн засаг хурдацтай хөгжинө гэж бодож байна. Манай биржид дэлхийн 70 гаруй орны 2600 орчим компани бүртгэлтэй байна. Тэр утгаараа бид дэлхийн санхүүгийн зах зээлийн төв юм. Бид 4 их наяд ам.долларын хөрөнгийг удирдаж байна. Монголын хөрөнгийн биржтэй хамтран ажилласнаар олон улсын хүчирхэг хөрөнгийн зах зээлийг бий болгоно гэдэгтэй итгэлтэй байна” хэмээн Лондонгийн хөрөнгийн биржийн онцлог, давуу талын талаар онцолсон.

Энэхүү арга хэмжээний үеэр иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан Монгол улсын иргэн бүрт “Эрдэнэс Тавантолгой” компанийн 536 ширхэг хувьцаа хуваарилах ажил дууссаныг Ерөнхий сайд мэдэгдлээ. ҮЦТТТХТ-ийн цахим хаягаар орж, регистрийнхээ дугаараар хайлт хийж, өөрийнхөө нэр дээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа байгаа эсэхийг шалгаж үзэж болох аж.

 

С.БОЛД-ЭРДЭНЭ