Тавантолгойн нүүрсийг тээвэрлэх Өмнөговь-Чойбалсан чиглэлийн 1040 км төмөр замыг барих тендерт БНСУ-ын консорциум ялжээ. Монголын төмөр зам компани болон Өмнөд Солонгосын консорциумын тал гуравдугаар сарын 24-нд Сөүл хотноо төмөр зам барих урьдчилсан гэрээнд гарын үсэг зурсан байна.
Төмөр замын бүтээн байгуулалтад 3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах бөгөөд консорциумын төлөөлөл “Lotte Engineering & Construction” компанийн төлөөлөгч бүтээн байгуулалтын ажлыг 2012 оны эхний хагаст багтаан эхлүүлэхээ мэдэгджээ. БНСУ-ын консорциумд “Lotte”-оос гадна Солонгосын Төмөр замын сүлжээний газар, “Daewoo Engineering & Construction”, “Hyundai Engineering & Construction” зэрэг нийтдээ 19 компани багтаж буй ажээ.
Уг төслийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр тооцсон бөгөөд гуравдугаар сарын 9-нд консорциум Монголын талд төмөр зам барих тендерийн саналаа өргөн барьсан нь ийнхүү шалгарчээ. Харин “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны эхний арилжааг /IPO/ 2011 оны эцсээр эсвэл 2012 оны эхний улиралд багтаан хийхээр төлөвлөж буй бөгөөд ирэх зургадугаар сар гэхэд компанийн бүртгүүлэх биржийг Засгийн газар олон нийтэд зарлах ажээ хэмээн Reuters агентлагт мэдээлжээ.
Гэвч энэхүү мэдээллийг Монголын Төмөр Зам компанийн мэргэжилтнээс асуухад үндэсгүй ташаа болохыг мэдэгдэв. Төмөр замын тендерийг удахгүй зарлах ажээ.
Б.ТӨГСӨӨ