MICC хөрөнгө оруулалтын банк нь Австралийн биржид бүртгэлтэй “Хүннү коал” компанийн хувьцааны судалгааг хийжээ. MICC нь санхүүгийн зөвлөгөө, брокер, хувьцааны судалгааны чиглэлээр ажилладаг 2005 онд байгуулагдсан Монголын анхны хөрөнгө оруулалтын банк юм. Тэд судалгаан дээрээ үндэслэн “Хүннү коал” компанийн хувьцааны үнэлгээг ӨСӨХ БОЛОМЖТОЙ гэж дүгнэсэн байна. Хувьцаа өсөх боломжтой хүчин зүйлсийг тэд ийнхүү тооцжээ.
• “Хүннү коал” нь өмнө “Энержи Ресурс” компанийн Ухаахудаг уурхайг нээж ажиллуулж байсан ур чадвартай, туршлагатай менежментийн багтай компани юм.
• “Хүннү коал” нь төлөвлөгдсөн болон одоо байгаа дэд бүтэцтэй ойр, мөн Хятадын зах зээлд асар ойрхон байрлах JORC стандартаар тогтоогдсон 90 гаруй сая тонны нөөцтэй Цант-Уулын орд, мөн 300 сая тонны нөөцтэй Үнстхудагийн ордыг эзэмшдэг.
• Азийн томоохон нүүрс үйлдвэрлэгч “Банпу Минералс”-ын 45 сая долларын хөрөнгө оруулалт нь Цант-Уулын дэд бүтцийг өргөтгөх, уул уурхайн үйлдвэрлэлийн ажиллагааг 2011 оны хоёрдугаар хагаст эхлүүлэн явуулах бололцоог олгож байна.
Мөн Монголын нүүрсний салбарт хөгжих ирээдүй байна. Хятад улстай хөрш зэргэлдээ байрлах Монголын өндөр чанарын нүүрс нь Австралийн нүүрстэй маш сайн өрсөлдөж байгаа зэрэг нь энэхүү компанийн хувьцааны өсөх ирээдүйг харуулж байна хэмээн дүгнэсэн байна.