Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Уран сэргэж, мөнгөний шинэ эрин эхэлнэ

“Mines and Money Hong Kong” хурлын хоёр дахь өдрийн хурлыг Хятадын уул уурхайн хөрөнгө оруулалтын хөгжлийн сэдвээр эхлүүлэв. “Hunter Dickinson” компанийн төлөөлөгч илтгэлдээ Хятадын хөрөнгө оруулагчидтай ажиллахад олон давуу тал бий ч тэдний туршлага хягаарлагдмал хэвээр байгааг онцолж байв. Түүний үзэж буйгаар бол Хятадын хөрөнгө оруулагчид үйл ажиллагааны эхний шатандаа буй салбарын компаниудад санхүүжилт олгох хандлагатай байгаа ажээ. Энэхүү санааг хуралд илтгэл тавьсан “China Mining United” сангийн тэргүүн Zhi Zheng ч хэлж байв.

“Bank of China International”-ын Ерөнхий захирал Amy Cheng “Хятадын гадаад хөрөнгө оруулалт: худалдааны тохиролцоог шинжлэх нь” сэдэвт илтгэлдээ Хятадын хувьд дунд болон том хэмжээний компаниудын хооронд худалдааны хэлэлцээр хийх нь нэмэгдэх төлөвтэй байгаа ч хэсэгчилсэн болон  бүрэн эзэмшлийн худалдааны тохиролцоо /M&A/ тооны хувьд буурах хандлагатайг хэлж байв.

Хурлын дараагийн хэсэг уран, ховор метал, мөнгө зэрэг түүхий эдийн асуудалд голлосон бөгөөд тэр дундаа мөнгө алтнаасаа ч илүү чадамжтай тухай “Silver-Invester.com” сайтыг үндэслэгч Дэвид Морганы тавьсан илтгэл тун сонирхолтой байв. Тэрбээр  1980 оноос хойш хүн ам 1.76 дахин, дэлхийн ДНБ-ий хэмжээ 5 дахин өссөн, газар доорх алтны мэдэгдэх нөөц 6 дахин нэмэгдсэн. Харин мөнгөний боломжит нөөц 91 хувиар буурч,  шууд худалдааны үнэ нь 46 хувиар унасан. Түүнчлэн улс орнуудын Засгийн газрын нөөцөд мөнгөний сан хөмрөг “0” заасан тухайг илтгэлийн үеэр сонирхолтой баримтат киногоор баяжуулан танилцуулсан юм. Өнөө цагт мөнгөний технологи дахь үүрэг хүрээгээ улам тэлж буй тул эрэлт жил бүр 2-3 хувиар өсөх ажээ. Тиймээс 2020 онд дэлхийн хэмжээнд 130 сая унци мөнгөний хомсдол үүсэх тухай тэрээр анхааруулсан юм.

Ураны салбарын хувьд Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцад болсон явдал нь томоохон компаниудын хувьцааны ханшийг урьд хожид байгаагүйгээр унагасан ч тун удахгүй ураны сэргэн мандалтын үетэй золгох болно гэдгийг “BGF Equities” компанийн тэргүүн Warwick Grigor илтгэлдээ онцолсон юм. 

“Mines and Money” хурлын дараагийн илтгэлүүд Чили, Зүүн Өмнөд Азийн улс орнуудын уул уурхайн хөрөнгө оруулалтын асуудал руу чиглэсний зэрэгцээ хорь гаруй компанийн төлөөлөл үйл ажиллагаа, төслөө танилцуулж илтгэл тавьсан. Тэдний дотор Монголд үйл ажиллагаа явуулдаг “Erdene Resource Development”  компанийн Гүйцэтгэх захирал Peter Akerley-гийн тавьсан сонсголыг хуралд оролцогчид гойд анхаарч байв.

Хуралд 2000 орчим хүн оролцсон бөгөөд дийлэнх нь салбарын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг компаниудын удирдах ажилтнууд байлаа. Хоёр өдөр үргэлжилсэн “Mines and Money” хурал өмнөх жилүүдийнхээс илүү өргөн хүрээтэй болсныг жил бүр хуралд оролцдог туршлагатай төлөөлөгчид хэлж байсан юм. Гурван талын төлөөлөл болох томоохон хөрөнгө оруулагч, салбарын санхүүжилт хайж буй компани, судалгаа, зөвлөгөөний үйлчилгээ эрхэлдэг шилдэг компаниудыг  нэг дор цуглуулж чаддаг нь хурлын үнэ цэнийг харуулна. “Mines and Money” Хонконгоос гадна Лондон, Сидней, Бээжин хотод болдог бөгөөд Монголын хувьд хамгийн өндөр ач холбогдолтой нь Хонконг дахь хурал нь юм. “Mines and Money” хурлын маргааш болсон Монголын хөрөнгө оруулалтын чуулганы эхэнд “Эрдэнэс МГЛ” компанийн Гүйцэтгэх захирал Б.Энэбиш Оюутолгой, Тавантолгойн ордыг танилцуулсны дараагаар “Erdene Resource Development”-ын Гүйцэтгэх захирал Peter Akerley “Монгол дахь төслүүдийн амжилтын түлхүүр хүчин зүйл” сэдвээр, Монголын хөрөнгийн биржийн Хэрэг эрхлэх газрын дарга Г. Саруул Монголын хөрөнгийн биржийн ирээдүйн боломжийн талаар танилцуулсан нь оролцогчдод тун ч таалагдсан. Түүнчлэн Голомт банкны төлөөлөл “Орон нутгийн банкны үүрэг, боломж” сэдвээр илтгэл тавьсны зэрэгцээ “Монголыг тэргүүлэх зах зээлээс хөрөнгө оруулалтын гол сонголт болгох нь”, “Уул уурхайн төслүүдийн бүтээмжийг сайжруулах дэд бүтцийг хөгжүүлэх нь” сэдвээр хэлэлцүүлэг өрнөсөн юм.

“Mines and Money Хонконг”, “Mongolia Mining Investment Summit”-ын дэлгэрэнгүй сурвалжлагыг “Mongolian Mining Journal” сэтгүүлийн дөрөвдүгээр сарын дугаараас уншаарай.

 

Б. Төгсбилэгт, The Mongolian Mining Journal, /Хонконг/