Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТТЭЙ ТАНИЛЦАВ

Засгийн газрын хуралдаан  3 дугаар сарын 30-ны өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх төслийн санхүүжилтийн тухай “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн саналыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав. Төрийн өмчийн хороо, Лондонгийн хөрөнгийн бирж хооронд “Стратеги хамтын ажиллагааны гэрээ” байгуулж, хөрөнгийн зах зээл, Хөрөнгийн биржийг хөгжүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тохирчээ.


Гэрээний дагуу Лондонгийн хөрөнгийн биржээс манай Хөрөнгийн биржийг удирдах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, орчин үеийн дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж зөвлөгөө өгөх бөгөөд эдгээрийг нарийвчлан тусгасан “Ажлын мастер гэрээ” байгуулах гэж байна. 14,2 сая ам.долларын өртөгтэй төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг эхний ээлжинд арилжааны банкуудаас зээл авч бүрдүүлэн, дараа нь улсын төсвөөс эргүүлэн төлөхөөр урьдчилсан тохиролцоонд хүрчээ.
Хамтарсан төсөл амжилттай хэрэгжсэнээр үнэт цаасны арилжаа, төлбөр тооцоо, хадгаламж, хяналтын цогц шинэ систем нэвтэрч, хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчин, дэд бүтэц, технологи, боловсон хүчний чадавхи олон улсын стандартад хүрнэ гэж тооцоолж байна. Манай аж ахуйн нэгж, байгууллагууд дотоодын хөрөнгийн захаар дамжуулан хөрөнгө оруулагчдаас урт хугацааны, өртөг багатай санхүүгийн эх үүсвэр татах, Улаанбаатар-Лондон-Торонтогийн 24 цагийн арилжааны бүсэд холбогдож, олон улсын зах зээлд гарах боломж нээгдэх юм.


Стратегийн ач холбогдолтой томоохон ордуудад түшиглэн байгуулах үндэсний компаниудын хувьцааны хяналтын багцаас дээш хувийг дотоодод арилжсанаар зах зээлд тавих хяналт өндөрсөж, эдийн засгийн аюулгүй байдлын баталгаа нэмэгдэнэ. Мөн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид арилжаанд хямд өртгөөр, урт хугацаанд, үр ашигтай оролцон, хөрөнгийн захаас бодит өгөөж хүртэх, биржээр арилжих бүтээгдэхүүний  нэр төрөл, тоо хэмжээ, чанар сайжирч, түүхий эд, валют болон бусад төрлийн бүтээгдэхүүний арилжаа, тэдгээрийн үүсмэл үнэт цаасны арилжаа бий болох нөхцөл бүрдэнэ гэж “Монголын хөрөнгийн бирж” ХК, Төрийн өмчийн хороо үзэж байна.