Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

БНХАУ-ын коксжих нүүрсний хэрэглээний 52 хувийг МОНГОЛ дангаар хангана























Эл прогноз 2015 он гэхэд хэдийнэ биеллээ олоод эхэлчихсэн байх гэнэ. Монгол улсын нутаг дэвсгэрт одоо уул уурхайн олборлолт, судалгааны ажлаа эхлүүлсэн төслүүдийн хүчин чадал, ирээдүйд анализ хийсэн олон улсын байгууллага ийнхүү таамаг дэвшүүлж, улмаар энэ сарын 4-8-ны өдрүүдэд Сингапурт үргэлжилсэн Asia Mining Congress буюу Азийн уул уурхайн нөлөө бүхий хурлын үеэр нэлээдгүй шуугиан дэгдээв.

Учир гэвээс коксжих нүүрсний хэрэглээгээрээ  “Ёроолгүй сав” гэж тодорхойлогддог БНХАУ өдгөө импортын нөөцөө дэлхийн 10 гаруй улсаас хангаж буй. Харин ирэх жилүүдэд тав, зургаан улс нийлж байж хангадаг коксжих нүүрсний импортынх нь 60 орчим хувийг Монгол дангаар нийлүүлэх юм. Гэхдээ 52 буюу түүнээс дээш гэж давтан тодорхойлсныг энд мөн дахин өгүүлье. Тиймдээ ч Asia Mining Congress-т оролцож буй Монгол улсад төсөлтэй  компаниудын танилцуулгад олон улсын бизнесмэнүүд нэлээд анхаарал хандуулж, бүтэн нэг өдрийг Монгол улс дахь уул уурхайн үйлдвэрлэлийн талаар сонсгол хийж, хэлэлцүүлэг өрнүүлэхэд зориулсан юм.

Монголын өдөрт төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компанийн Дэд захирал Г.Тэмүүлэн “Оюутолгой”, “Тавантолгой” төслийн тухай, “Мон Атом” компанийн дэд захирал Г.Цогтсайхан уран болон цөмийн энергийн салбарын өнөөгийн байдал, Ашигт малтмалын газрын Захиргаа, хамтын ажиллагааны тасгийн дарга Б.Үүрцайх Монгол улсын уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтын орчин, Дэлхийн банкны уул уурхайн ахлах мэргэжилтэн Грэм Хэнкок эдийн засгийн сүүлийн жилүүдийн болоод өнөөгийн нөхцөл байдал, ХХБ-ны ерөнхийлөгч Рандольф Коппа болон тус банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Орхон нар банк, санхүүгийн зах зээлийн төлөвшлийн талаар оролцогчдод мэдээлэл хүргэсэн бол манай уул уурхайн салбар дахь амжилттай жишээнүүдийн нэг болгож Mongolian Mining Corporation-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл “Ухаа худаг” төслийнхөө үйл ажиллагааг танилцууллаа. Нөгөө талаас Монгол улсад энэ төрлийн үйлдвэрлэл эрхэлж буй “Эрдэнэ Ресурс девелопмент”, “Gobi Coal & Limited”, “Харанга Ресурс”  болон үндэсний хөрөнгө оруулалт бүхий “Хүннү Коул” компаниуд мөн төслийн танилцуулгаа хийсэн.

2011 онд зэсийн үнэ тонн тутамдаа 10 мянган ам.долларт хүрч, түүхий эдийн зах зээлд рекорд эвдэх гэнэ. Эл мэдэгдлийг БНХАУ-ын уул уурхайн салбарыг өнгөлөгч “Чайналко” компанийн Хөнгөн цагааны  үйлдвэрлэл эрхэлсэн корпорацийн захирал ноён Лью Сианмин Asia Mining Congress  буюу Азийн уул уурхайн нөлөө бүхий хурлын индэр дээрээс зоригтой гэгч нь мэдэгдлээ.

Дэлхийн гангийн зах зээл БНХАУ, Энэтхэгийн үйлдвэрлэл, худалдаагүйгээр өнгөрсөн таван жилийн хугацаанд өсөлттэй гарч чадахгүй байсныг Энэтхэгийн Үндэсний эрдэс баялгийн хөгжлийн корпорацийн тэргүүн ноён Рана Сом бахархалтайгаар хэлж байна. Тэгвэл төмрийн хүдрийн ханш ойрын таван жилд тогтмол буурна гэх зарим мэдэгдлийг Австралийн ANZ группын салбар хариуцсан захирал Вай Мун Лум мөн л Asia Mining Congress-ийн индэр дээрээс няцаалаа. Байгалийн гамшгийн хүнд хэцүү үед сэтгэл санаа болоод эд материалын туслалцаа үзүүлсэн олон улсын хөрөнгө оруулагч түншүүд болон уур уурхайн салбарт хамтран ажиллаж буй, цаашид хамтрах олон арван бизнесийнхэнд Японы эрчим хүч, нүүрс үйлдвэрлэлийн “Kobe Steel” компанийн төлөөлөл гүн талархал илэрхийллээ. “Монгол улсын хөрөнгө оруулалтын орчин маш таатай” гэж манайд зэс, молибдений төсөл хэрэгжүүлдэг “Эрдэнэ Ресурс” компанийн ерөнхийлөгч Петер Акерлэй тунхаглав. Гэвч тэрбээр яриагаа “Гэхдээ” гэж үргэлжлүүлсэн юм.  Энэ бүгд Asia Mining Congress долоо дахь удаагийн хурлын индэр дээрээс Ази тив болоод дэлхий нийтэд хандсан олон арван дуу хоолойн нэг хэсэг.

Зөвхөн Ази гэлтгүй уул уурхайн салбараас ашиг орлогоо бүрдүүлдэг тив тивийн төлөөлөгч бизнесмэнүүдийн гал тогоондоо хэрхэн хүүрнэлдэж, салбарынхаа хэтийн төлөв, шинэ боломжуудын талаар юу өгүүлсэн тухай дэлгэрэнгүй сурвалжлага, теле нэвтрүүлгийг уншигч Та The Mongolin Mining Journal-ийн ирэх дугаар болон үндэсний өргөн цацалт бүхий телевизүүдийн дэлгэцээр хүлээн авах  боломжтой.


Э.Сайхантуяа,
The Mongolian Mining Journal,
/Сингапур
/