“Рио Тинто”-гийн хамгийн гол гурван төслийн нэг нь Гвинейн “Simandou” төсөл юм. Дэлхийн хэмжээний төмрийн хүдрийн төсөл “Simandou”-г хэрэгжүүлж чадах уу, үгүй юу гэдэг саяхныг хүртэл “Рио Тинто”-гийн хувьд нэлээд эргэлзээтэй байсан. Нөгөө талаас Гвинейн шинэ Ерөнхийлөгч “шинэ дүрмийг зөвшөөр, үгүй бол явж болно” гэсэн зарчим баримталсаар байв. Гэхдээ “Рио Тинто” тус улсын Засгийн газартай дөрөвдүгээр сарын 22-нд Тогтвортой байдлын гэрээ байгуулж чаджээ.
Урьд нь Гвинейд уул уурхайн төсөл дэх Засгийн газрын эзэмшлийн хэмжээ 15 хувиас доошгүй байх хууль үйлчилж байсан бол тус улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Alpha Conde уг хэмжээг гуравны нэгээс доошгүй байлгах шийдвэр гаргаад байсан юм. Гвиней дэх төмрийн хүдрийн төслийг “Рио Тинто” салбар компани “Simfer”-ээр дамжуулан хэрэгжүүлж байгаа юм. Хоёр тал гэрээ байгуулснаар “Рио Тинто” Гвинейд уул уурхайн үйл ажиллагаа явуулах, 2015 оны дундуур төмрийн хүдрийн эхний ачилтыг хийх зорилтоо баталгаажуулж буй. Уг гэрээ нь “Simandou”-гийн өмнөд хэсэг болох гурав, дөрөвдүгээр талбайд хамаарах бөгөөд уг газар нь “Рио Тинто”-гийн төмрийн хүдрийн төслийн хэсэг юм.
Гэрээний дагуу “РиоТинто” компани “Chinalco”-гийн салбар компани болох “Chalco”-той хамтран Simandou төсөл дээр ажиллах эрхтэй болж буйн дээр “Simfer” нь Гвинейн Сангийн яаманд 700 сая доллар төлөх юм байна.
Талууд тус улсын одоо үйлчилж буй хуулийн дагуу хянаж боловсруулсан энэхүү Тогтвортой байдлын гэрээнд Гвинейн Засгийн газрын цаашид гаргах ямар нэгэн шийдвэр нөлөөлөхгүй байхаар тохиролцжээ.
“Rio Tinto Iron Ore”-ийн Гүйцэтгэх захирал Sam Walsh: “Өнөөдрийн гэрээ нь бидэнд хөрөнгө оруулалт хийж, энэхүү гайхалтай нөөц баялгийг аль болох хурдан хугацаанд бүтээгдэхүүн болгож, үр ашгийг нь Гвинейн ард түмэнд, мөн “Simfer”-ийн хувьцаа эзэмшигчдэд түгээх ойлгомжтой тодорхой нөхцөлийг бүрдүүллээ. Энэ бол бидний гол төсөл, ач холбогдолтой ажил үүрэг. Бид уурхайг ашиглалтад оруулж, шаардагдах дэд бүтцийн бүтээн байгуулалтад 10 тэрбум ам.доллараас давсан хөрөнгө зарцуулна гэж үзэж байна... Би бас уг гэрээг эцэслэхэд “Chinalco”-гийн хувь нэмэр асар их байсныг хэлэхийг хүсч байна. Бид “Chalco”-той хамтран уурхай, дэд бүтцийг хөгжүүлэх чин эрмэлзэлтэй байна” гэжээ.
Гэрээний үндсэн нөхцөлөөр бол Гвинейн Засгийн газар төслийн 35 хувийг эзэмших эрхтэй байх юм. Үүний 15 хувь тус улсын Засгийн газрын мэдэлд үнэгүй шилжих хувь байх нөхцөлийг давхар тусгажээ. Түүнчлэн тус улсын Засгийн газар цаашид төслийн 17,5 хувийн хувьцааг 20 жилийн дотор худалдан авахаар заажээ. Төслийн үйл ажиллагааны орлогод ногдуулах татварын хэмжээ нь 30 хувь байх бөгөөд Роялти нь 3,5 хувьтай байх юм. Харин “Simfer”-ийг ногдол ашгийн /dividend/ татвар болон барилга, бусад техник тоног төхөөрөмж импортлохтой холбоотой гаалийн татвар, НӨАТ- аас бүрэн чөлөөлөхөөр тусгажээ.
Дэд бүтцийн тухайд төслийн бүтээн байгуулалтын хүрээнд Гвинейд төмрийн хүдрийг уурхайгаас тээвэрлэх шинэ төмөр зам тавих төдийгүй шинэ боомт байгуулах юм. Дэд бүтцийг тус улсын Засгийн газар болон “Simfer”, түншүүдийн хамтаар эзэмшинэ. Засгийн газар дэд бүтцийн 51 хүртэлх хувийг эзэмших эрхтэй. Талууд оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр дэд бүтцийн хамтралд хувь эзэмшинэ. “Simfer”-ийг төмөр зам, боомтын оператор байгууллагаар хамтрагч талууд томилсон байна. Шинээр тавих төмөр замаар суудлын болон ачааны галт тэрэг явуулж болох бөгөөд бусад эрдэс баялаг, хүдрийг ч тээвэрлэх боломжит нөхцөлийг гэрээнд тусгасан байна. Гвинейн Засгийн газар 25-30 жилийн дараа энэхүү дэд бүтцийг бүрэн эзэмших нөхцөлтэй ажээ.
Б.ТӨГСӨӨ