Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

“MONGOLIA MINING 2011” ҮЗЭСГЭЛЭН МОНГОЛД АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Уул уурхайн салбарт нэгэн шинэ хуудсыг нээсэн “Mongolia Mining 2011” үзэсгэлэн “Мишээл Экспо” төвд нээгдлээ. Нээлтийн ажиллагаанд Эрдэс баялаг эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан, Уул уурхай хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Б. Батхүү, “Майнекс Монголиа” ХХК-ийн захирал, Австралийн Сиднейн уул уурхайн клубын ерөнхийлөгч Жулиан Малник, элчин сайдууд, томоохон уул уурхайн компаниудын удирдлагууд, төрийн болон бизнесийн байгууллагын төлөөлөгчид оролцов.

 “Уул уурхайн салбарын хамтын ажиллагаа-Үндэсний эдийн засгийн хөгжлийн түлхүүр” уриан дор болж буй уг арга хэмжээнд 80 орчим байгууллага оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна.  Уул уурхайн салбарын хайгуул, олборлолт, бүтээн байгуулалтын их ажил өрнөхийн өмнөхөн болж, шаардлагатай бүхий л бараа материал, тоног төхөөрөмж, үйлчилгээг нэг дор дэлгэн харуулж буйгаараа  чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байгаа аж.

“Mongolia Mining 2011” үзэсгэлэнг зохион байгуулах хорооны дарга Т.Баттулга “Сүүлийн жилүүдэд Монголын уул уурхайн салбарт гарч байгаа ололт, ашигт малтмалын томоохон ордууд олон улсын анхаарлыг татаж, энэ салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх болсон. Тиймээс энэ арга хэмжээ уул уурхайн салбарт ажиллаж байгаа бизнесийн байгууллагуудын хамтыг ажиллагааг бий болгох, өргөжүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа юм. Бүх хэрэгцээгээ дотооддоо үйлдвэрлэн хангадаг улс орон гэж байхгүй. Харин улс болгонд ямар нэг өрсөлдөөний давуу тал бий.

Манай орны хувьд өрсөлдөөний хамгийн давуу тал бол эрдэс баялгийн нөөц. Гэхдээ энэ салбарт орж ирж байгаа гадаадын хөрөнгө оруулалтаас бид зөвхөн татвараар дамжуулж мөнгө аваад, түүнийгээ иргэдэд зүгээр тарааж өгөөд байх юм  бол энэ давуу тал биш болно. Хамгийн гол нь энэ салбарт шаардагдах төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг монголчууд өөрсдөө үйлдвэрлэж нийлүүлээд, тэр хэрээрээ үндэсний компаниуд хөгжиж байвал  жинхэнэ утгаараа Монголын эдийн засгийн давуу тал болно. Уг үзэсгэлэнг Монголд анх удаа зохион байгуулж байна. Цаашид жил бүр уламжлал болгоно”” хэмээн онцоллоо.

Үзэсгэлэнг Үндэсний өрсөлдөх чадварын хүрээлэн, “Майнекс Монголиа” компанитай хамтран Эрдэс баялаг эрчим хүчний яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй аж.

Г.Идэр