Франкфуртын “Commerzbank” банкны 2011 оны дөрөвдүгээр сард гаргасан судалгаагаар энэ жилийн байдлаар нэг фунт ураны үнэ 69 ам.доллар, ирэх жилийн эхний улиралд 80 ам.доллар хүрэх хандлагатай байна. Харин “Deutsche Bank”-ийн тандалтаар энэ жилийн хувьд нэг фунт ураны үнэ 65 ам.доллар байж, 2013-2014 онд энэ үнэ таван ам.доллараар нэмэгдэх аж. “Япон улсад болсон байгалийн гамшиг, АЦС-ын дэлбэрэлт дэлхий нийтийн цөмийн үйлдвэрлэлд итгэх итгэлд сөргөөр нөлөөлсөн. Гэсэн ч хэсэг хугацааны дараа энэ салбарын үйл ажиллагаа урьдын хэвэндээ орох болно.
Цөмийн эрчим хүчний хэрэглээгээр дэлхийд тэргүүлэгч улс Хятад 13 цөмийн реактортой. Шинээр 28 реактор нэмж баригдаж буй. “Фүкүшима” АЦС-ын осол нь тус улсыг цөмийн үйлдвэрлэлийн технологи, хөгжлийн стратегиа эргэн харахад хүргэсэн ч энэ салбараас татгалзаж чадахгүй.
Энэтхэг улсын хувьд 2050 онд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээ 2,5 хувиар нэмэгдүүлэх томоохон төслөө энэ жилийн дөрөвдүгээр улиралд эхлүүлэхээр төлөвлөж байна. Тиймээс Японы АЦС-ын дэлбэрэлт цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийн салбарт хүчтэй нөлөөлөхгүй, гол түүхий эд ураны ханш ирээдүйд тогтвортойгоор өссөн хэвээр байна” хэмээн “Caldwell Securities Ltd” компанийн үнэт цаасны менежер Жон Кинсей мэдээлсэн байна.
Э.ОДЖАРГАЛ