Гадаадын хөрөнгө оруулалтын газар Хонконгийн “Сентиллион групп”-тэй хамтран зохион байгуулсан “Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаа арилжаалах тухай” бага хурал энэ сарын 14-нд “Кемпински” зочид буудалд боллоо. Маргааш өдөр нь тус газрын хүсэлтээр Хонконгийн KPMG компаниас “Санхүүгийн олон улсын тайлангийн стандарт” сэдэвт сургалтыг зохион байгуулав. Уг сургалтыг бүх шатны санхүүгийн ажилтан, брокер, диллерүүдэд зориулан олон улсын санхүүгийн тайлангийн стандарт, баримт бичгийн бүрдүүлэлт болон Монгол улсад олон улсын тайлангийн стандартыг хэрхэн хэрэгжүүлэх тухай сэдвээр явагдсан юм.
“Хонконгиийн хөрөнгийн биржид хувьцаа арилжаалах тухай” бага хурлаар Хонконгийн хөрөнгийн биржийн үнэт цаасны маркетингийн тухай ерөнхий ойлголт, Монголын компаниуд Хонконгийн хөрөнгийн биржид үнэт цаасаа хэрхэн бүртгүүлэх, арилжаалах болон тавигдах шаардлагын талаар Монголын аж ахуйн нэгж байгууллагуудад дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Уг хуралд Хонконгийн хөрөнгийн бирж ба Клирингийн компанийн Тэргүүн дэд ерөнхийлөгч бөгөөд Хувьцаа гаргагчийн маркетингийн газрын дарга Эрик Лэндхиер, Мacquarie Capital Adivsers компанийн Хувь нийлүүлсэн хөрөнгийн зах зээлийн газрын дарга, Ази тив, Сингапур улсыг хариуцсан захирал Марк Уорбуртон, Мacquarie Capital Adivsers компанийн гүйцэтгэх захирал Бардин Дэйвис, Baker & McKenzie компанийн партнер Жеки Ло, Монголын Худалдаа хөгжлийн банк ба TDB Capital компанийн ерөнхийлөгч Рандольф С.Коппа нар илтгэл тавьж, Монголын талаас 200 орчим төлөөлөгч оролцсон юм.
Бага хурлын дараа болсон “Олон улсын санхүүгийн тайлангийн стандарт” сургалтыг “KPMG” ХХК-ийн партнер, аудитор Патрик Чу нээж үг хэлэн KPMG ХХК-ийн захирал хатагтай Жуди Рандлер дээрх сэдвээр сургалт явууллаа. Сургалтад банк, санхүү, брокер, аудитын байгууллага, аж ахуйн нэгж компаниудын нийт 50 гаруй төлөөлөгч хамрагджээ.
Монголын компаниуд олон улсын биржээс хөрөнгө босгох сонирхол нэмэгдэж байгаагийн хэрээр үйл ажиллагаа, санхүүгийн тайлангаа олон улсын стандартад нийцүүлэх шаардлага тулгарч байгаа. Тиймдээ ч энэхүү бага хурал, сургалт нь компаниудад нэлээд үр дүнтэй боллоо хэмээн зохион байгуулагчид дүгнэж байгаа юм. “Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлнэ гэдэг амар ажил биш, хүссэн компани болгон бүртгүүлээд байдаггүй. Компани сүүлийн 3 жил ашигтай ажилласан байх ёстой гээд шалгуур өндөр байдаг” хэмээн Хонконгийн хөрөнгийн бирж ба Клирингийн компанийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Эрик Лэндхиер онцолсон. Хэрэв Монголын компаниуд Хонконгийн бирж дээр хувьцаагаа гаргах талаар бодож байвал одооноос бүх ажлаа олон улсын стнадартын дагуу гүйцэтгэж эхлэх ёстойг Хонконгийн биржийнхэн зөвлөж байв. Олон улсын бирж дээр гарах бэлтгэлийг хангахад дор хаяж 2 жилийн хугацаа шаарддаг гэдгийг ч мөн анхааруулсан юм.
С.БОЛД-ЭРДЭНЭ