ОХУ 2011 оны гуравдугаар улирал гэхэд Дэлхийн худалдааны байгууллагын /ДХБ/ гишүүнээр элсэх төлөвлөгөөгөө өнгөрсөн оны сүүлчээр мэдэгдээд байсан билээ. Тэгвэл энэ ажлын бэлтгэл дуусч, албан ёсоор элсэх үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.
Энэ тухай тус улсын Сангийн сайд Алексей Кудрин Орос-Америкийн хамтын ажиллагааны форумын үеэр мэдэгдсэн юм. Тэрбээр “Бэлтгэл ажилд олон сарын хугацаа шаардлагагүй. Энэ зун гэхэд ДХБ-т элсэх үйл ажиллагаа эхэлнэ” хэмээжээ.
ОХУ тус байгууллагын гишүүнээр элсэх талаар 17 жилийн туршид хүчин чармайлт гаргаж буй юм. Тэднийг ДХБ-ын гишүүнээр элсэхэд АНУ, Финлянд, BRIKS-ийн орнууд буюу Бразил, Энэтхэг, БНХАУ, Өмнөд Африк улсууд дэмжиж буй бол Гүрж, Өмнөд Осети эсрэг саналтай байгаа. Хэрвээ Орос эл хоёр улс дахь хилийн хяналтаасаа татгалзсан тохиолдолд гишүүнээр элсэхийг нь бүрэн дэмжинэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм.
Олон улсын ажиглагчдын үзэж буйгаар ОХУ ДХБ-т гишүүнээр элсэхэд багагүй бэрхшээл бий гэж байна. Казахстан, Беларустай байгуулсан гаалийн хэлэлцээр нь будлиантай, гаалийн өндөр татвартай, хээл хахууль газар авсан гэх мэт шалтгаанаас болж ОХУ-ыг гишүүнээр элсүүлэх эсэх асуудал тун эгзэгтэй байгаа гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.
Э.Оджаргал