Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

ЭРДЭС БАЯЛГИЙН ТУХАЙ ХУУЛЬ ГЭЖ НЭРЛЭХИЙГ САНАЛ БОЛГОЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх иргэний танхимд болсон уул уурхайн салбарын хууль, эрх зүйн асуудлаарх хэлэлцүүлэг өнөөдөр “Геологи, уул уурхайн үйл ажиллагаа, байгаль орчны нөхөн сэргээлт-олон нийтийн оролцоо” сэдвээр үргэлжиллээ. Эхний өдөр “Ашигт малтмалын хуулийн үр нөлөө, цаашид авах арга хэмжээ” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэгт оролцогсод санал бодлоо илэрхийлсэн бол хоёр дахь өдөр нь Монгол улсын геологи, байгаль орчны өнөөгийн байдлын талаар түлхүү хөндсөн юм.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн О.Чулуунбат  Монголын  уул уурхайн салбарт бусад үндэстэн ястныг муулах,  ялгаварлан гадуурхах явдал их гарч, гадны хөрөнгө оруулалтын эсрэг янз бүрийн хандлага гаргахын сөрөг нөлөөг учирласан бол Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Н. Алгаа байгаль орчныг төр хянаж дийлэхгүй, үүндээ мэргэжлийн байгууллагуудыг татан оролцуулж, Нөхөн сэргээлтийн эрсдэлийн сан байгуулах нь зүйтэй гэсэн санал дэвшүүллээ. Мөн ШУТИС-ийн багш н.Дагва “Уул уурхайн компаниудаас  уурхайн хаалтын барьцааг урьдчилж авдаг болох хэрэгтэй. Оюутолгой орд янз бүрийн шалтгаанаар гэнэт хаагдахад хүрвэл бид яах вэ” гэгэсн асуудлыг хөндсөн юм.   Ашигт малтмалын тухай  хууль гэсэн нэр томъёог Эрдэс баялгийн тухай хууль гэж өөрчлөх санал ч гарч байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэлцүүлгийн төгсгөлд “Олон түмний эрх ашгийг дээдэлж байж л уур уурхайн салбар хөгждөг юм байна” гээд хэлэлцүүлэгт оролцогчдын саналуудыг нэгтгэн хуулийн төсөлд тусгаад, шаардлагатай бол Ажлын хэсгүүдийг өргөтгөнө гэдгээ амлалаа.

Хэлэлцүүлэгт яам, агентлаг, мэргэжлийн холбоод төрийн бус байгууллага, иргэний хөдөлгөөний төлөөллүүд оролцсон юм. Уг хэлэлцүүлгийн талаарх дэлгэрэнгүй сурвалжлагыг уншигч та The Mongolian Mining Journal сэтгүүлийн тавдугаар сарын дугаараас уншина уу.

Г.Идэр