Дэлхийн банкнаас БНХАУ-ын 2011 оны нэгдүгээр улирлын эдийн засгийн байдалд анализ хийснээ өнөөдөр сэтгүүлчдэд танилцууллаа. Монгол дахь Дэлхийн банкны Суурин төлөөлөгчийн газарт болсон теле хуралд Дэлхийн банкны БНХАУ-ыг хариуцсан тэргүүлэх эдийн засагч Ардо Ханссон болон ахлах эдийн засагч Луй Куиже нар Бээжин хотоос оролцож, судалгааны дүнгээ танилцуулав.
БНХАУ-ын инфляци оны эхний улирлын байдлаар өндөр гарсан ч цаашдын төлөв байдал тааламжтай байх дүр зураг харагдаж буй гэнэ. ДНБ-ний өсөлт 2011 онд 9.3, 2012 онд 8.7 хувь байх төлөвтэй байгаа аж. Гэхдээ инфляци болон үндсэн хөрөнгийн зах зээл дэх эрсдэл, макро эдийн засгийн байдлыг хэвийн түвшинд хүргэхийг анхааруулсан. Улмаар дурдсан хугацаанд тус улсын хэрэглээний өсөлт буурсан ч хөрөнгө оруулалт хүчтэй хэвээр байгаа нь дотоодын нийт эрэлт хэрэгцээг бууруулаагүй тухай Дэлхийн банкны судалгаа өгүүлжээ.
Хятадын эдийн засгийн хамгийн том эрсдэл нь инфляци. Оны эхэнд 5.4 хувийн өсөлттэй байгаа инфляцийн гол шалтгаан нь хүнсний бүтээгдэхүүний үнийн нэмэгдэл болоод байна. Зөвхөн БНХАУ-д ч биш дэлхий нийтээр хүнсний үнэ нэмэгдэж буй юм. Хятадын Засгийн газрын зүгээс хүнсний үнийг бууруулахаар тээвэрлэлтийн зардлыг багасгах, хангамжийг нэмэгдүүлэх, юанийг ам.долларын эсрэг чангаруулах гэх мэт бодлогын олон арга хэмжээ авч байгаа. Эдгээр нь удахгүй үр дүнгээ өгнө хэмээн Дэлхийн банк найдаж байна. Манай улсын хувьд хүнсний ихэнх бүтээгдэхүүнээ урд хөршөөс импортолдог. БНХАУ-ын хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт нь манай оронд ч тодорхой хэмжээгээр нөлөөлөхийг үгүйсгэх аргагүй юм.
Инфляциас гадна Хятадад дотоодын орон сууцны зах зээлд ямар нэг хэмжээгээр удаашрал гарах төлөвтэй байгаа аж. Нэг талаасаа үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлт, нөгөө талаас Засгийн газраас дэвшүүлсэн нийгмийн орон сууцны барилгын төлөвлөгөөтэй холбоотой хэмээн Дэлхийн банкны судалгаанд дурджээ. Бага орлоготой иргэддээ зориулсан хямд үнэ бүхий орон сууц барих талаар Засгийн газраас нь мэдэгдээд буй. Мэдээж бага орлоготой иргэдийг орон сууцжуулах зорилготой учир дээрх төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд Засгийн газар нөхөн төлбөрийг дааж таарна. Тиймээс энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ ил тод байдал, тодорхой дүрэм журамд суурилсан санхүүжилтийн загвар хэрэгтэйг Дэлхийн банк сануулжээ.
С.БОЛД