Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Хөгжлийн банкны 800 тэрбум төгрөгийн бондод баталгаа гаргалаа

Өнөөдөр Монгол улсын эдийн засагт нэгэн шинэ үйл явдал болов. Засгийн газар түүхэндээ анх удаа бондын баталгаа гаргалаа. Монгол улсын Хөгжлийн банкны санхүүжилтийг шийдвэрлэхийн тулд 800 тэрбум төгрөгийн бонд гаргах эрхийг УИХ-аас олгосны дагуу Засгийн газраас уг бондод баталгаа гаргаж өгч байгаа хэрэг юм.

Манай улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш донор орнууд, гадаадын түншүүдээсээ хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж авах эрхтэй байсан бол өнгөрсөн хоёрдугаар сард Нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт оруулснаар Засгийн газар арилжааны зээл авах, зээлийн баталгаа гаргах эрхтэй болсон. Ийнхүү холбогдох хууль тогтоолуудыг үндэслэн Монгол улсын Хөгжлийн банкинд Монгол улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Сангийн сайдын гаргах зээлийн баталгааны үндсэн нөхцөлийг урьдчилан тохиролцох зорилгоор “Монгол Улсын Засгийн газрын баталгааны үндсэн нөхцөлийг тохиролцох гэрээ”-г өнөөдөр байгуулж байгаа юм.

Гэрээнд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөр, Монгол улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Ч.Хашчулуун нар гарын үзэг зурж, Сангийн сайд С.Баярцогт баталгаажуулсан юм. Энэхүү гэрээг байгуулснаар Монгол улсын Хөгжлийн банкны 800 тэрбум төгрөгийн үнэт цаасны үндсэн болон хүүгийн төлбөрт Монгол улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Сангийн сайд зээлийн баталгааг тухай бүрд нь гаргах нөхцөл бүрдэж байгаа аж.

Мөн энэхүү гэрээгээр “Монгол Улсын Засгийн газрын баталгаа бүхий Монгол Улсын Хөгжлийн банкны үнэт цаасны гэрчилгээ” болон “Монгол Улсын Засгийн газрын баталгаа”-ны загваруудыг баталж, албан ёсоор Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Ч.Хашчулуунд гардуулан өглөө. Хөгжлийн банк нь энэхүү гэрээний дагуу Засгийн газрын баталгаагаар хангагдсан өөрийн үнэт цаасыг дотоодын зах зээлд гаргах хууль эрх зүйн орчин бүрдэж байна. Засгийн газрын баталгаа нь бондын борлуулалтад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг Ч.Хашчулуун дарга онцолж байв. Харин Сангийн сайд С.Баярцогт “Монгол улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Монгол улс анх удаа ДНБ-ий 9.8 хувьтай тэнцэх хэмжээний Засгийн газрын баталгааг Монгол улсын Хөгжлийн банкинд гаргасан нь манай улсын эдийн засаг, банк, санхүүгийн түүхэнд тэмдэглэх үйл явдал боллоо. Энэ баталгаан дээр үндэслээд Хөгжлийн банк бонд гаргаж хөрөнгө татна. Тэр мөнгөөрөө төмөр зам, Сайншандын аж үйлдвэрийн парк, авто зам, орон сууцны төслүүдийг санхүүжүүлэх болно” гэв.

Хөгжлийн банк эхний ээлжинд энэ сарын сүүл, ирэх сарын эх гэхэд 350 тэрбум төгрөгийн бонд гаргахаар төлөвлөж байгаа. Тэндээс төвлөрсөн мөнгөөр төмөр зам, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, орон сууц, авто замын төслүүдийг санхүүжүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.


Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Ч.Хашчулуунаас зарим зүйлийг тодрууллаа.

Засгийн газар баталгаа гаргалаа. Бондоо хэзээ гаргах вэ?
Энэ жил Хөгжлийн банкны гаргах 800 тэрбум төгрөгийн бондод Засгийн газар анх удаа баталгаа гаргаж өгч байгаа юм. Засгийн газраас гаргаж байгаа баталгаа нь бонд гаргахад асар чухал байгаа. Үүний дүнд бондын борлуулалт сайн байх болно. Бид ойрын хугацаанд 350 тэрбум төгрөгийн бонд гаргахаар төлөвлөж байна. Эхний ээлжинд ТУЗ-өөс баталгаажуулж, үндэслэлийг нь бий болгоно. Монголбанк, Хөрөнгийн биржтэй энэ талаар гэрээ хийх болно.

Бонд гаргаж татсан хөрөнгийг юунд зарцуулах вэ? Төмөр зам, Сайншандын паркийн ажлын санхүүжилт шийдвэрлэгдлээ гэж үзэж болох уу? 350 тэрбум төгрөгийн бондыг юун зарцуулах нь тодорхой болсон уу?
Захиалгууд ирсэн байгаа. Барилга, эрчим хүч, зам, хүнд аж үйлдвэрийн цогцолбор, дэд бүтэц гээд санхүүжилт шаардлагатай байгаа төслийн захиалга ирсэн. Эдгээр төслүүд тодорхой шаардлагыг хангасан байх ёстой. Эхний ээлжинд санхүүжилт, эргэн төлөлтийн тооцоонууд хийгдэнэ. Үүний дагуу санхүүжилт хийгдэнэ. Ойрын хугацаанд зөвхөн зам тээврийн салбарт гэхэд 436 тэрбум төгрөгийн хүсэлт ирсэн байгаа. Төмөр зам, Сайншандын паркийн тухайд аль аль нь санхүүжилт хүссэн хүсэлтээ ирүүлсэн. Тэгэхээр хуулийнхаа дагуу тэд ТЭЗҮ-ээ бэлэн болгох ёстой. ТЭЗҮ нь хийгдэж байгаа гэсэн. ТЭЗҮ бэлэн болсны дараа санхүүжилтийн эрх нь нээгдэнэ гэж ойлгож болно.

Хөгжлийн банкин дээр ойрын үед ямар ажлууд хийгдэж байна вэ?
Бид боловсон хүчин, ажилтнуудыг сонгон шалгаруулж авах ажил хийж байна. Одоогоор 200 гаруй хүн Хөгжлийн банкинд ажиллах хүсэлтээ илэрхийлсэн. Тэдэн дунд маш чадварлаг хүмүүс ч байгаа. ТУЗ баталгаажуулсны дагуу томилгоонууд хийгдэнэ. Дараа нь техникийн бэлтгэл ажлууд байна. Хөгжлийн банкны байр нь хуучин Сангийн яамны байрны нэгдүгээр давхарт байгаа. Засварын ажил хийгдэж байгаа. Мөн хүчтэй серверүүд, тусгай тоног төхөөрөмж, програм хангамж суурилагдана. Энэ ажил тавдугаар сарын эхээр дуусна. Дараа нь Хөгжлийн банк бусад байгууллагуудтай хамтран ажиллана. Өнөөдөр хамгийн том ажил буюу Засгийн газар, Сангийн яамтай бонд дээр хэрхэн баталгаа өгөх талаар тохиролцоонд хүрээд батламж нь гарлаа. Дараагийн ээлжинд Монголбанк, Хөрөнгийн биржтэй хамтран ажиллах талаар гэрээ байгуулагдана. Бондын гүйлгээнд эдгээр байгууллагууд чухал ач холбогдолтой.


C.БОЛД