Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Нүүрсний лиценз сонирхогчид олширчээ

Австралийн Перт мужид төвтэй “C @ Limited” компани Монголд байр сууриа олсон олон улсын нүүрсний компаниас нүүрсний хайгуулын найман лиценз худалдаж авчээ. Лицензийг худалдсан компани нэрээ зарлахыг хүсэхгүй байна. Ямар ч байсан Монголын коксжих болон эрчим хүчний нүүрсний үйлдвэрлэлд томоохон байр суурьтай компани гэнэ.

Дээрх найман лиценз Өмнөговьд Хятадын хил болон олборлолт явуулж байгаа уурхайнуудтай ойролцоо байрладаг юм байна. Зарим талаараа дэд бүтэцтэй ойр, Хятадын зах зээлд асуудалгүй нэвтрэх ажээ.
“C @ Limited” 100.000 долларын буцалтгүй төлбөр төлжээ. Гэрээнд заасны дагуу хайгуул хийгээд нөөц байгаа нь тогтоогдвол 7.7 тэрбумыг нэрээ нууцалсан нүүрсний компанид төлөх юм. Нөөц олохгүй байсан ч 100.000 доллараа буцааж авахгүй юм байна.

“C @ Limited”-ийн өрөмдлөг болон сорьцын шинжилгээний ажил нь өнгөрсөн 19- ний өдрөөс эхэлсэн ба 10 долоо хоногийн дараа дуусах аж. Хэрвээ тэд нөөц олбол 7.7 сая төлөөд лицензийг бүрмөсөн өөрийнх болгоно. “C @ Limited” компани Монголоос эрчим хүчний болон коксжих нүүрс  олборлох хүсэлтэй гэдгээ илэрхийлж байна. Техникийн багаа саяхан бүрдүүлж бэлэн болгосон ба хайгуулаа тун удахгүй эхлэх гэнэ.

Trinity Mongolia гэдэг компани тэдэнд лиценз олж авахад нь тусалжээ. Мөн хайгуулын хугацаанд  техникийн болон бусад зүйлсээр дэмжих юм байна.
“C @ Limited” нь Австралийн хөрөнгийн бирж дээр гарсан ба нүдний шил болон линзний түүхий эдийн хангамж, худалдааны бизнес эрхэлдэг. 2010 оны дундуур нүүрсний бизнест орохоор судалж буйгаа зарласан.

Манай улсад хайгуулын лиценз олголтын ажлыг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын нэгдсэн байр сууриар түр зогсоогоод байгаа энэ үед гадаадын компаниуд Монгол дахь нүүрсний орд эзэмшигчдээс лицензийг нь өндөр үнээр худалдан авах үйл явц энэ мэтээр цөөнгүй гарах бололтой. Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн баталсны дараа хайгуулын лиценз олголтыг нэг мөр цэгцтэй явуулах нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлсэн билээ. Түүний энэхүү байр суурь олон нийтээс дэмжлэг хүлээх магадлалтай ба хайгуулын лиценз олголтыг түр зогсоосон хугацаа хэдхэн өдрийн дараа дуусна. Улмаар  дахин тодорхойгүй хугацаагаар сунгах чиглэлийг Ерөнхийлөгч ийнхүү өгөөд байна.



Б. Халиун (The Mongolian Mining Journal)