Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Lucky Strike Ховдод нүүрсний төсөл хэрэгжүүлнэ

Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Lucky Strike Resources” /LKY-TSX Venture/ компани Ховд аймгийн урд хязгаарт 8736 га талбайг эзлэх нүүрсний хайгуулын хоёр лицензийг эзэмшдэг Монголын хувийн компанитай хамтарсан компани байгуулах урьдчилсан гэрээнд үзэглэжээ. Тус хайгуулын хэсэг нь “Олонбулаг” коксжих нүүрсний ордоос баруун тийш 3 км-т орших “Нарийн харгайт”, “Ар хадны овоо” хэмээх газарт хамаардаг байна.

Гэрээгээр Монголын компани хоёр байгууллагын дундах хамтарсан компанийн хариуцан ажиллуулах уурхайгаас Хятад руу жилд доод тал нь нэг сая тонн нүүрс тээвэрлэх ажлыг салбар компаниараа дамжуулан хэрэгжүүлэхээр тусгажээ. Тэрхүү салбар компани нь Тавантолгойгоос Хятад руу жилд 500 мянган тонн коксжих нүүрс тээвэрлэдэг бөгөөд энэ нөхцөлийг гурван жилийн дотор биелүүлэн ажиллах юм.

Төслийн орд болон  бүтээгдэхүүн тээвэрлэлтийн эрхийг хамтарсан компани  эзэмшихээр гэрээнд заасны зэрэгцээ “Lucky Strike”-ын талд хамтарсан компанийн 75 хүртэлх хувь нь шилжих эрхтэй байхаар тусгажээ. Гэхдээ үүний тулд “Lucky Strike” Монголын компанид 8.9 сая долларын хөрөнгө оруулалтыг гурван жилийн хугацаанд олгох нөхцөлтэй ажээ. Гэхдээ ийм хэмжээний хувь эзэмшихэд шаардлагатай хөрөнгө оруулах эсэх нь уг төслийн хууль эрх зүй, техникийн нөхцөл байдлын судалгаа /due diligence/,  “Lucky Strike”-ын хувьцааны арилжааны байдлаас хамаарах юм.

Ховдын урд хязгаарт, Хятадын хилээс хойш 20 км-т орших уг хайгуулын хэсгийг агуулж буй  нүүрсний сав газар нь нийтдээ 11 км урт үргэлжилсэн, 2.5 км-ийн өргөнтэй, 10-50 метр зузаан нүүрсний баялаг агуулж буйг 2010 онд Монголын компани судлан тогтоосон байна.


Б.Төгсөө (The Mongolian Mining Journal)