ОХУ дотоодын зах зээлдээ үүсээд буй бензиний хомсдлын улмаас тавдугаар сарын 1-нээс эхлэн тодорхойгүй хугацаагаар нефтийн бүтээгдэхүүний экспортоо зогсоох шийдвэр гаргалаа. Харин зайлшгүй тохиолдолд экспортлох бүтээгдэхүүний гаалийн татварын хэмжээг нэмэгдүүлэхээр болсон байна. Энэ тухай холбогдох баримт бичгийг бэлтгэх талаар тус улсын Ерөнхий сайд Владимир Путин Түлш, эрчим хүчний сайд Сергей Кудряшовт үүрэгджээ. Дээрх шийдвэрээс үүдэн Оросын нефть үйлдвэрлэгч компаниуд бүтээгдэхүүнээ ирэх сараас эхлэн зөвхөн дотоодын зах зээлд нийлүүлэх болж байна.
ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин “Бид Евро-3 стандартчилалд шилжих хэрэгтэй” хэмээн Түлш, эрчим хүчний сайдтай уулзах үеэрээ мэдэгджээ. Евро-3 стандартчилал нь байгаль орчинд ээлтэй хийгээд бага зарцуулагдах давуу тал бүхий технологи юм. Энэ нь ОХУ-ын хувьд урьд өмнө дуулдаагүй шинэ стандарт биш бөгөөд 2009 онд нэвтрүүлэхээр төлөвлөсөн ч эдийн засгийн хямралын улмаас хойшлуулчихаад байсан юм.
ОХУ-ын Түлш, эрчим хүчний яамны мэдээлэлд тулгаарлан “Интерфакс” агентлагаас гаргасан урьдчилсан тооцоогоор тус улс дахь нефтийн бүтээгдэхүүний гаалийн татвар тавдугаар сард тонн тутамдаа ойролцоогоор 454-456 ам.доллараар нэмэгдэх гэнэ.
Орост нефтийн бүтээгдэхүүн, тэр дундаа бензиний хомсдол гэнэт бий болсон шалтгаан чухам юу байв? 2010 онд ОХУ нь 505 сая тонн нефть олборлож, энэ үзүүлэлтээрээ Саудын Арабыг гүйцэж түрүүлэн, дэлхийд тэргүүлсэн билээ. Үүний нэг гол хүчин зүйлийг тус улсын газрын тосны салбарт нефть олборлогч шинэ компани олноороо байгуулагдсантай холбон тайлбарлаж буй юм.
Улмаар өнгөрсөн онд тус улсын нефть бүтээгдэхүүний экспорт 67 хувиар нэмэгдсэн аж. Өөрөөр хэлбэл, ОХУ-д олборлож буй газрын тос гадаад зах зээлд их хэмжээгээр экспортлогдсоноос үүдэж дотоодод нь нефть бүтээгдэхүүний хомсдол үүсч, үүнээс улбаалан үнийн хий хөөрөгдөл бий болсон нь тус улсын Засгийн газрыг одоогийн эл алхмыг хийхэд хүргээд байна.
Э.ОД