УИХ-ын хаврын чуулганаар эрдэс баялгийн салбарын гол хууль Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр анхаарал татсан хэлэлцүүлэг боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар хамтран зохион байгуулж байгаа хоёр өдөр үргэлжлэх хэлэлцүүлгийн эхний хэсэг “Ашигт малтмалын тухай хуулийн үр нөлөө, цаашид авах арга хэмжээ“ сэдвээр өрнөсөн юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэлцүүлгийг нээж “Ашигт малтмал тойрсон асуудал Монголын улсын нийтлэг эрх ашиг, цаашлаад үндэсний аюулгүй байдалтай холбоотой болж байгаа учраас Ашигт малтмалын хайгуулын лицензийн ашиглалтын байдлыг шалга. Шалгасны дараа тодорхой шийдвэр гартал тусгай зөвшөөрөл олголтыг түр хугацаагаар зогсоо гэсэн чиглэлийг төрийн тэргүүний зүгээс Үндэсний аюулгүй байдлын Ажлын албанд чиглэл өгсөн юм. Ашигт малтмалын хуулийг өөрчлөх шаардлагатай гэсэн санал их гарч байна.
Тиймээс лиценз олголтыг түр зогсоосон хугацаа дуусахаас өмнө буюу энэ дөрөвдүгээр сарын 30-нд багтааж уг хуулийн талаар өргөн хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм. Нэгдүгээрт Ашигт малмталын салбарт гарч буй алдаа онооныхоо учрыг олъё. Хоёрдугаарт, өнгөрсөн сургамж дээрээ тулгуурлаж уул уурхайн салбарын цаашдын бодлого зорилтоо тодорхой болгоё” хэмээн онцолсон. Мөн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Ашигт малтмалын хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлуудын талаар товч мэдээлэл хийлээ.
Хэлэлцүүлэгт яам, агентлаг, харьяа газруудын удирдах албан тушаалтнуудаас гадна “Монголын нүүрс” ассоциаци, Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбоо, “Эрс шинэчлэл” хөдөлгөөн, “ Уул уурхайн салбараа аваръя” ТББ, Монголын уул уурхайн клуб зэрэг мэргэжлийн холбоод төрийн бус байгууллага, иргэний хөдөлгөөний төлөөллүүд оролцож, өөрсдийн санал бодлоо илэрхийлсэн.
Хэлэлцүүлэгт оролцогчид уран, газрын тос, байгалийн хий, газрын ховор элементийн ордыг стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад багтаах, хөрөнгө оруулалтын гэрээг төр байгуулдгийг болиулах, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг аймаг, орон нутагт нь шууд олгодог болох, уул уурхайн салбар дахь олон нийтийн оролцоог Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын механизмд оруулах, уул уурхайн компаниудын өөр төрлийн бизнес эрхлэлтийг таслан зогсоох, Стратегийн ач холбогдолтой ордын ангиллыг зорилго, шалгуураар тодорхой болгож, төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34-50 хувь байна гэсэн заалтыг хасах, ашигт малтмалын нөөцийн хэмжээг газрын хэвлийд байхад нь үнэлдэг тогтолцоог бий болгох, тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, барьцаалах асуудлыг хязгаарлах заалт нэмж оруулах зэрэг үнэтэй саналууд гаргасан бөгөөд хэлэлцүүлэг зохион байгуулагчид эдгээр 30 гаруй саналыг түүвэрлэн цаасан дээр бичин самбарт өлгөжээ.
Хэлэлцүүлэг маргааш “Геологи, уул уурхайн үйл ажиллагаа, байгаль орчны нөхөн сэргээлт-олон нийтийн оролцоо” сэдвээр үргэлжлэх юм.
Г.Идэрээ