Японы “Никкей 225” индекс өчигдөр 1,6 хувиар өсч, үзүүлэлт нь 10000 давсан нь гуравдугаар сарын цунамийн гамшгаас хойшхи анхны тохиолдол юм. Энэхүү өсөлтөд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн хийсэн Бин Ладен нас барсан тухай мэдэгдэл нөлөөлжээ. Европын хөрөнгийн зах зээлд ч индексийн өсөлт дунджаар 1 хувьтай байжээ. Харин Лондоны FTSE 100 болон Хятад, Сингапур, Хонконгод амралтын өдөр байсан учир худалдаа хийгээгүй ажээ.
Үүнээс гадна Ойрхи Дорнод болон Ливид үүсээд буй хурцадмал байдлын улмаас оргил түвшиндээ хүрээд байсан Брэнт маркийн газрын тосны үнэ “терроризмын нэг багана хугарсан” тухай мэдэгдсэний дараа 3 хувиар бууж, 121.67 ам.доллар/баррельд хүрчээ. Алт, мөнгөний үнэ ч бас буусан байна. Гэхдээ шинжээчид зах зээлийн энэхүү таатай нөлөөллийг богино хугацааных гэж үзэж байна. Эдийн засагчид Бин Ладены үхэл Аль Кайдагийнханд өшөө авах том шалтаг болно хэмээн санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Аль Кайдаг устгах дайн дуусаагүйг анхааруулжээ.