Тавантолгойн ордыг ашиглалтад оруулах үйл ажиллагаанд дэвшил болсон нэн чухал шийдвэрийг Эрдэс баялгийн зөвлөлийн хуралдаанаар гаргажээ. Дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн хурлаар Цанхийн зүүн хэсгийн нөөцийг баталгаажуулж, ТЭЗҮ-ийг нь баталсан байна. Зүүн Цанхийн нөөц 795 сая тонн болохыг хурлаар баталгаажуулжээ. Энэ хэсэгт агуулагдаж буй нүүрсний 70 гаруй хувь нь коксжих нүүрс гэж үздэг аж.
Цанхийн зүүн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” компанийн өөрийн мэдлийн уурхай байгуулагдах бөгөөд оператор компанийн тендерт шалгарсан компани олборлолт явуулах юм.
Тавантолгойн орд дээр Цанхийг зүүн баруун хэмээн хоёр хувааж ашиглахдаа тус тусад нь ногдох талбайн нөөцийг тогтоож, тус тусад нь ТЭЗҮ хийх тухай зарчмын шийдэлд энэ хавар хүрсэн билээ. Тэргүүн шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг болоод “Эрдэнэс Таватолгой” компанийн ТУЗ-ийн хүрээнд ярилцаж хүрсэн энэ нэгдсэн шийдэл олон бүдэг, тодорхойгүй зүйлийг тодруулах гарц болж байна.
Зүүн Цанхийн нөөц болон ТЭЗҮ-ийг баталгаажуулсан нь эхний жишээ юм. Үүний араас стратегийн хөрөнгө оруулагч орж ирэх Баруун Цанхийн нөөц болоод ТЭЗҮ ч тун удахгүй батлагдах гэж байна. Мөн хувьцаа гаргахдаа хоёр хувааж ашиглаж буй орд дээрээ тус тусад нь гаргах уу, эсвэл нийлүүлж гаргах уу гэдэг нь ойлгомжгүй байсан нь ч шийдэгдэж байгаа юм. Энэ шийдлээр бол ямартай ч Цанхийн зүүн, баруун хэсэг дээр нэгдсэн нэг хувьцаа гарах нь тодорхой болж байна.
Н. Ариунтуяа (The Mongolian Mining Journal)