Хятад эрчим хүчний нүүрснийхээ импортыг багасгасны улмаас дулааны цахилгааны станцын нүүрсний нөөц буурчээ. Дотоодын нүүрсний нийлүүлэлт сул, импорт бага байгаа тул эрчим хүчний нүүрсний үнэ өсч байна гэж шинжээчид үзжээ. Qinhuangdao боомтод нүүрсний үнэ дунджаар 125 ам.доллар/тоннд хүрээд буй нь оны эхнийхээс таван хувиар давж буй ажээ.
Гуравдугаар сарын сүүлээр ДЦС-уудын нөөцөд оны эхэн үеийнхээс 9.6 хувиар бага буюу 50.7 сая тонн нүүрс байжээ. “Аж үйлдвэрийн тэнцвэргүй хөгжил, тогтворгүй эдийн засаг нь эрчим хүчний хомсдолд хүргэж болзошгүй” хэмээн ахлах шинжээч Дай өгүүлжээ.
Оны эхний улирлын байдлаар Хятадын нүүрсний олборлолт 792 сая тонн буюу өмнөх оныхоос 8.3 хувиар өссөн байна. Харин нүүрсний импорт 32.32 сая тонн байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 40 хувиар доошилсон тухай Хятадын Үндэсний нүүрсний холбоо мэдээлсэн байна. Хятад үндсэндээ нүүрсний станцуудад түшиглэн эрчим хүчээ хангадаг ч импортыг багасгах бодлого барьж буй нь дотоодын үйлдвэрлэлийг дэмжихийн зэрэгцээ үнийн өсөлтөөс илүү ашиг олох зорилготой байж болох юм. Фүкүшимагийн эмгэнэлээс үүдэн эрчим хүчний нүүрсний зах зээл илүү таатай байх болно гэж шинжээчид тайлбарлаж буйг Хятадын энэхүү бодлого баталж байна.
Гэхдээ одоогоор эрчим хүчний нүүрсний үнийн өсөлт гангийн салбарт нөлөөлөөгүй хэдий ч уг салбарт эрчим хүчний хомсдол тохиож мэдэхээр байгаа аж.
Үүний зэрэгцээ Хятад улс банкны зээлийн хэмжээгээ хумих бодлого гаргах эсэхээс зэсийн зах зээл ихээхэн хамаарч байна. Учир нь металын хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлэгч Хятад банкны нөөцийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр дахин гаргаж магадгүй тухай хэвлэлүүд анхааруулаад эхэлжээ. Тиймээс зэсийн үнэ доошлох хандлагатай болоод байна. Гурван сарын хугацаатай хийгддэг зэсийн гэрээт үнэ өнөөдрийн байдлаар Лондоны металын биржид 9325 ам.доллар/тонн-д хүрсэн нь 1.2 хувь буюу 115 доллараар унасан үзүүлэлт юм. Хятадын Төв банкныхан үнэ тогтворжуулах, инфляцийг хянахад дан ганц нөөц нэмэгдүүлэх нь хангалтгүй гэж үзэж буй аж.
Б.Төгсөө (The Mongolian Mining Journal)