Мөнгөний зах зээл түр хугацааны уналтад ороход ойрхон байна. Долоо хоногийн өмнө 50 ам.доллар/унцид хүрээд байсан мөнгөний үнэ сүүлийн гурван өдөр дараалан унасаар 20 хувиар доошилжээ.
Алтны үнэ ч нэгдүгээр сараас хойшх хамгийн доод түвшиндээ хүрэв. Одоо нэг унц мөнгө 39 доллар, унц алт 1517 долларын үнэтэй байна. Эдгээр үнэт металын зах зээлийн тухайд шинжээчид бүгд нэгэн дуугаар зөвхөн үнийн өсөлтийн таамгийг өмнө нь хэлж байсан билээ. Үнийн бууралтын тухайд Чикагогийн арилжааны бирж энэ долоо хоногт гурван ч удаа мөнгөний баталгаат нөөцийн хэмжээгээ нэмэгдүүлсэн нь хэмнэлийг эвдэх хангалттай нөхцөл болсон гэж хөрөнгө оруулалтын шинжээч Janney Montgomery Scott хэлжээ.
Харин алтны үнийн тухайд долларын ханш сулрахын хэрээр үнэ нь чангарч байсан. Түүнчлэн Мексикийн төв банк энэ долоо хоногт алтны нөөцөө 90 тонноор нэмэгдүүлсэн нь алтны үнэ өсөх шалтгаан мөн боловч зах зээлд алтны үнэ ийнхүү унав.
Б.Төгсөө