Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

ALAMAR RESOURCES-Г МОНГОЛ ЗАХИРЛУУД УДИРДАНА

     Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Alamar Resources /ASX:ALG/ компанийг монгол хүмүүс удирдахаар болжээ. Уг компани Баруун Австралид хэд хэдэн төсөл хэрэгжүүлж буй бөгөөд үүнд алтны “Yandal Gold” болон ураны төслүүд хамаарч байгаа аж. “Yandal Gold” төсөлд нь тус компанийн 80 хувийн эзэмшлийн Mandilla Well, 75 хувийн эзэмшлийн Maitland, 100 хувийн эзэмшлийн Corboys North төсөл багтдаг байна.


     Alamar Resources гуравдугаар сард болсон хувьцаа эзэмшигчдийнхээ хурлаар Mongolian Resources Corporation /MRC/ компанийг 100 хувь худалдаж авахаар шийдвэрлэжээ. Үүний дагуу MRC-ийн хувьцаа эзэмшигчид болон төлөөлөл Alamar Resources-н 50-иас дээш хувийг эзэмшихээр болж, “Reverse Takeover” буюу “Backdoor listing” хэлбэрээр монгол компани Австралийн Хөрөнгийн биржид  гарахаар болсон байна.

      Mongolian Resources Corporation компани нь Төв аймгийн Борнуур сумын нутаг дахь “The Blue Eyes” алтны төслийн 85 хувь, уг төслөөс зүүн хойш 7 км-т орших Сүжигтэйн алтны төслийн 90 хувийг эзэмшдэг аж. Мөн алтны хайгуулын 13, ашиглалтын 1, төмрийн хүдрийн хайгуулын 1, эрчим хүчний нүүрсний хайгуулын 1 лицензийн тус тус эзэмшдэг байна.

    Мөн Alamar Resources нэрээ Mongolian Resources Limited болгон өөрчлөхөөр болсон байна. Тус компанийн ТУЗ-ийн даргаар Ж.Найдансүрэн, захирлаар нь Ж.Танан гэх монгол хүн томилогдсон талаар Австралийн хөрөнгийн биржийн цахим хуудас дахь тус компанийн мэдээлэлд дурджээ.

     Үүнээс гадна Alamar Resources гуравдугаар сард 40 сая ширхэг нэмэлт хувьцааг нэгж тус бүрийг нь 0.25 доллараар үнэлэн гаргасны сацуу Metals X Limited компани тус компани дахь 3.48 хувийн эзэмшлээ 17.11 хувь болгон өсгөсөн байна. 2011 оны эхний улирлын санхүүгийн тайландаа 6.765 сая долларын бэлэн мөнгөний хөрөнгөтэй гэж тусгажээ.