Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Давхар компани байгуулах уу, DR ашиглах уу?

“Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO өнгөрсөн сарын халуун сэдвүүдийн нэг хэвээр байлаа. Нэгж хувьцааных нь үнэ хэд байх вэ гэдэг асуулт ярианы сэдэв болж байсан бол одоо хэдэн бирж дээр гарах вэ, олон улсын бирж дээр гарах стандарт хангагдаж, нөхцөл боломж бүрдэв үү гэдэг асуулт мэргэжилтнүүдийн төдийгүй шийдвэр гаргагчдын толгойны өвчин болоод байна. Бид хөрөнгийн зах зээлээ өөд нь татах гээд дөнгөж л эхэлж байна. Энэ салбарын гол хууль болох Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэхээр яригдаж байгаа. Мөн Хөрөнгийн биржийн менежментээ Лондонгийн биржид атгуулчихлаа.

Үүнээс өөрөөр хийж гавьсан зүйл алга. Хөрөнгийн зах зээл хөгжил өөд хөдөлж эхэлж буй энэ үед “Эрдэнэс Тавантолгой” олон улсын бирж дээр хувьцаагаа борлуулахаар яаравчилна. Олон ажил нь энэ зун гэхэд жигдрэх ч гэсэн хамгийн том толгойны өвчинтэйгээ “Эрдэнэс Тавантолгой” тулгарсан бололтой. Энэ нь аль бирж дээр гарах вэ, олон улсын биржүүд Монголын хууль эрх зүйн орчныг хүлээн зөвшөөрөөгүй болохоор яаж IPO хийх вэ гэдэг асуудал.


Хонконг Лондоны хариуг хатуухан барив

Эрдэнэс Тавантолгой” аль бирж дээр IPO хийх вэ гэдэгт эхнээсээ л сонголт цөөн, Лондон эсвэл Хонконг гэж яригдаж байсан. Дэлхийд нөөцөөрөө тэргүүлэх коксжих нүүрсний том компанийг бирждээ бүртгэх нь аль ч биржид олон талын ашигтай нь ойлгомжтой. Хонконгийн бирж өөртөө итгэлтэй байсан уу, эсвэл “Эрдэнэс Тавантолгой” -г төдийлөн тоогоогүй юу манай улсад хандуулах анхаарал нь төдийлөн идэвхтэй биш байв. Ерөнхий сайд өнгөрсөн оны тавдугаар сард Хятадад айлчлахдаа Хонконгийн биржээр орж, Монголын компаниудыг бүртгүүлэх талаар ярьсан, аравдугаар сард Монголын үндэсний компани Хонконгийн бирж дээр амжилттай IPO хийсэн, газар нутаг болон цагийн зөрүүний хувьд ойрхон гэх мэт олон шалтгаан Хонконг хамаагүй шаанстайг харуулж байв. Гэхдээ Лондон Хонконгийн өмнүүр хүч түрэн орж  чадсан. Тэд богинохон хугацаанд олон нааштай санал тавьснаар Монголын Хөрөнгийн биржийг тодорхой хугацаанд удирдах эрхийг өрсөлдөгчгүйгээр шахуу авчихсан нь Хонконгийн биржийг бяцхан сандаргаж, дараагийн алхмаа хийхэд хүргэв бололтой. Тус биржийн Ерөнхийлөгч Роналд Аркулли Лондонтой хамтрах гэрээг үзэглэхтэй зэрэгцээд Монголд айлчилж, Ерөнхий сайдад нэгэн мэдээ дуулгаад буцлаа. Тэд “Эрдэнэс Тавантолгой”-г Хонконгийн бирж дээр бүртгэхийн тулд тусгайлан хөнгөлөлт үзүүлж, Монголын эрх зүйн орчныг хүлээн зөвшөөрч болох тухайгаа хэлжээ. Саяхан болсон “Эрдэнэс Тавантолгойн IPO” сэдэвт бага хурал дээр Хонконгийн биржийн Хувьцааны маркетингийн газрын дэд ерөнхийлөгч Эрик Ландхээр Ерөнхийлөгчийнхөө үгийг баталгаажуулж, Хонконг Монголын эрх зүйн орчныг хүлээн зөвшөөрч байгаагаа зарласан. Энэ нь Лондонгийн биржийн төлөөлөгч, тус биржийн Үнэт цаасны зах зээлийн ахлах менежер Жон Эдвардсыг багагүй бухимдуулаад авсан байх. “Хонконг зөвшөөрсөн байж болно. Гэхдээ Лондон хараахан зөвшөөрөөгүй байгаа шүү” хэмээн тэрбээр нэлээд ундууцангуй хэлж харагдсан. Лондон ч бас мөчөөгөө өгөхгүй нэг “бэлэг” барьсан нь “Эрдэнэс Тавантолгой”-г ТОП-500 компанийнхаа жагсаалтад оруулахаар болсон гэнэ.

 

Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.