Дэлхийн банкны Гүйцэтгэх захирлуудын зөвлөл Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөлд /MINIS/ 25 сая ам.долларын зээл олгохоор баталсан байна. Уг төслийн зорилго нь уул уурхай болон уг салбарт холбогдох бизнест тухайлбал техник, эдийн засгийн судалгааг санхүүжүүлэх, тухайн орон нутгийн дэд бүтцийн ажлыг гүйцэтгэх чадавхийг хөгжүүлэх замаар дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих юм. Төслийг 2011 оны зургадугаар сараас эхлэн таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд Сангийн яам төсөл хариуцсан гол төлөөлөгчөөр ажиллах юм байна.
“Энэхүү төсөл нь Монголын Засгийн газрын тэргүүнд авч үзэж буй хөрөнгө оруулалтын төслүүдийн техник, эдийн засгийн судалгааг үнэлж дүгнэх хэд хэдэн судалгааг хийхэд шаардлагатай эх үүсвэрээр хангах юм. Ингэснээр дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалтыг зөв хийх, мөн тэдгээрийн байгаль орчинд болон нийгэмд үзүүлэх нөлөөллийг давхар тооцох ажлыг баталгаажуулах юм” гэж Дэлхийн банкны Монголыг хариуцсан менежер хатагтай Корали Гевэрс мэдэгдсэн юм.
Уг төслийн хүрээнд мөн өмнөд бүсийн усны нөөцийн менежментийн асуудлыг сайжруулахад анхаарах ажээ. Манай улсын өмнөд бүсийн хөгжлийг зөвхөн гүний усанд түшиглэн бүтээж буй юм. Гэвч бүсийн гүний усны нөөц өмнийн бүс дэх уул уурхай, орон нутгийн хөгжил, мал аж ахуйн салбарыг хамгийн ихдээ 10 жил гаруй хугацаанд хангах боломжтойг судалгаагаар тогтоожээ. Мөн тэнд усны чанарын асуудал ч давхар тулгарч байгаа юм.
“Гүний ус татаж, хэрэглээнд нэвтрүүлснээр гарч болзошгүй сөрөг үр дагаврыг нарийн тооцсон хяналт шинжилгээ, төлөвлөгөө байх хэрэгтэй. Бид үүнд бас нэгэн төсөл хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна” гэж Дэлхийн банкны Дэд бүтцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Жим Ричэрт мэдэгджээ.
Салбарын дэд бүтцийн санхүүжилтийг дэмжих төсөл нь (a) Дэд бүтцийн боломжит хөрөнгө оруулалтын техник, эдийн засгийн судалгаа болон үнэлгээ хийх, (b) Дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэх орон нутгийн чадавхийг дээшлүүлэх, (c) Гүний усны менежментийг сайжруулах, (d) Төслийн менежмент гэсэн дөрвөн үндсэн хүрээг хамрах юм байна.
Б.Төгсбилэгт