Хятадын металын эрэлт суларч магадгүй байгаатай холбогдуулан зэсийн эрэлт унаж эхэлжээ. Лхагва гаригийн байдлаар Лондоны биржийн хаалтын арилжаагаар зэс 8700 ам.доллар/тонны үнэтэй байв. Харин өчигдөр зэсийн үнэ таван сарын хугацаан дахь хамгийн доод цэгтээ буюу 8504 ам.доллар болж доошилсон байна. Энэ нь 2011 оны нэгдүгээр сарынхтай харьцуулахад 10 гаруй хувиар доогуур үзүүлэлт юм. Зэсийн үнэ унасан нь Хятадын Төв банк арилжааны банкнуудын нөөц хөрөнгийн хэмжээг 0.5 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбоотой гэж шинжээчид үзжээ. Төв банк уг шийдвэрээ өчигдөр зарласан бөгөөд энэ нь он гарсаар Хятадын банкны нөөцөө нэмэгдүүлэхээр хийсэн тав дахь удаагийн алхам болж буй юм. “Barclays Capital” Хятадын энэхүү шийдвэр нь 370 тэрбум юанийг түгжих болно гэж тайлбарлажээ.
Инфляцийг тогтоох зорилготой уг алхам нь тус улсын эдийн засгийн өсөлтийг удаашруулахаас гадна металын эрэлтийг бууруулах магадлал өндөр байгаа юм. Шанхайн биржид ч мөн адил зэсийн үнэ сүүлийн таван сарын хугацаан дахь хамгийн доод үзүүлэлтэд хүрч, өмнөх өдрийнхөөсөө 3.2 хувиар унаж, 64.110 юань/тонны үнэтэй болсон байна.
Хятадын дөрөвдүгээр сарын зэсийн импорт гуравдугаар сарынхтай харьцуулахад 14 хувиар буурсан байна. Зэсийн олон улсын судалгааны байгууллагын /ISCG/ тооцоогоор 2011 онд зэсийн нийлүүлэлт эрэлтээсээ 377 мянган тонноор дутахаар байгаа ажээ. Одоо Лондоны биржид зэсийн үнэ 8536.5 ам.доллар/тонны үнэтэй байна.