Европын сэргээн босголт хөгжлийн банкны Ерөнхийлөгч, ноён Томас Мирроу өнгөрсөн дөрөвдүгээр сард Монголд хоёр хоног үдлээд буцсан билээ. Энэ нь түүний ЕСБХБ-ны Ерөнхийлөгчийн хувьд хоёр дахь удаагийн айлчлал гэж хэлж болно. Ноён Томас Мирроу энэхүү айлчлалын үеэр MMJ сэтгүүлийн асуултад хариулсныг уншигчдадаа хүргэж байна.
Та Монгол улсад анх удаа ажил хэргийн айлчлал хийлээ. Манай орны тухай ирэхээсээ өмнө ямар төсөөлөлтэй байсан бэ? Ирээд нүдээр үзсэн мэдрэмж төсөөллөөс тань хэр өөр байв?
Би Монгол улсад анх удаа албан ёсны айлчлал хийсэндээ их баяртай байна. Бидний хувьд төрийн болон хувийн хэвшлийн хамтран ажилладаг түншүүдтэйгээ уулзаж, банкны үйл ажиллагаа явуулдаг орнуудад хийж байгаа ажлынхаа үр дүн ямар байгааг харах бололцоотой байх нь чухал байдаг.
Миний хувьд Монгол улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч болон бизнесийн салбарын төлөөллүүдтэй уулзсандаа сэтгэл хангалуун байна. Мөн айлчлалын үеэр Монгол улсын хөрөнгийн зах зээлийг дэмжихэд чиглэсэн Монголын Хөрөнгө оруулалтын санд ЕСБХБ-наас оруулах 25 хувийн шууд хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсныг мэдэгдэхэд таатай байна.
Монгол улсад өрнөж буй өөрчлөлт шинэчлэлтүүд болон бидний хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үйл ажиллагааны цар хүрээ, хүртээмж, Улаанбаатар хот хийгээд Өмнөговь аймаг дахь Оюутолгой уурхайгаар зочлохдоо харсан болон сонссон зүйлс маань миний сэтгэлийг үнэхээр их хөдөлгөлөө. ЕСБХБ нь Монгол улсын хувьд хөгжлийн асар их нөөц бололцоо байгаа талаарх танай төр засгийн байр суурь, үзэл баримтлалтай санал нэг байдаг. Гэхдээ эдгээр боломж бололцоо нь мэдээж хэрэг, өөрийн гэсэн сорилт шалгууруудыг давхар агуулж байгаа. Жишээлбэл, уул уурхайгаас орох ашиг өгөөжийг нийт монголчуудад хүртээхийн тулд уул уурхайн ашиг орлогыг ил тод, зохистой арга барилаар захиран зарцуулах нөхцөлийг хангах нь зайлшгүй шаардлага юм.
Та энэ удаа Монгол улсад ямар зорилго өвөртөлж ирэв. Зорьсон хэргээ бүтээв үү? Энэ айлчлалаар бодитой ямар ажил хэргийг амжуулсан бэ?
Монголын төр, засгийн удирдлагуудтай уулзсанаар Монгол улсад өнөөдөр тулгараад байгаа бэрхшээлүүдийн талаарх ойлголт маань нэмэгдэж, Монгол улс шилжилтийн үеэ даван туулахад ЕСБХБ-ны зүгээс цаашид ямар арга хэлбэрээр дэмжлэг үзүүлж болох талаар ярилцан хэлэлцэж чадлаа.
Монгол улсад, тэр дундаа уул уурхай, эрчим хүч, нийтийн үйлчилгээний салбар, хувийн хэвшлийн салбарт дэд бүтцийн хэрэгцээ шаардлага ямар байгааг харлаа. Цаашид Монгол улсад бидний хамтын ажиллагаа амжилттай үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна.
Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас Монголын хөрөнгө оруулалтын санд 10 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийх гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү хөрөнгө оруулалтаас ямар үр дүн хүлээж байна вэ?
Монголын Хөрөнгө оруулалтын санд оруулсан 10 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт нь Монголд эрчимтэй өргөжин тэлж буй жижиг болон дунд бизнес /ЖДБ/-ийн салбарт зориулсан капиталын олдоц, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой юм. Хамгийн гол нь тус сан байгалийн баялаг, уул уурхайгаас бусад салбарт үйлчлэх зорилготой бөгөөд уул уурхайн ханган нийлүүлэлтийн сүлжээнд үйлдвэрлэл, үйлчилгээний аль ч чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниуд, хүнсний үйлдвэрлэл болон хүнсний бүтээгдэхүүний хангамжийн салбар, түүнчлэн бага хэмжээний дэд бүтцийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.
ЕСБХБ-ны хөрөнгө оруулалт нь Монгол улсад хувийн хөрөнгө оруулалтын зах зээлийг хөгжүүлэх, жижиг дунд бизнесүүдэд урт хугацаат хөрөнгө оруулалтын санхүүжилт дутагдах үед нь дэмжлэг үзүүлэхэд чухал хувь нэмэр болох юм.
Уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг хангах, дэд бүтцийг дэмжих, байгальд ээлтэй технологи нэвтрүүлэхэд зориулсан техникийн тусламж үзүүлэхэд анхаарч байгаагаа Та Монголын төр, засгийн удирдлагуудтай уулзахдаа хэлсэн. Энэ талаар хэрэгжүүлж буй ажлаа илүү тодруулж ярина уу?
ЕСБХБ нь уул уурхайн салбар дахь бүх төслөө техник туслалцааны хөтөлбөрүүдтэй уялдуулан хэрэгжүүлэхийг зорьдог. Үүний нэг жишээ нь Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга /ОҮИТБС/ байгууллагын Монгол дахь Ажлын албаны чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр юм. ОҮИТБС-ын Ажлын албыг илүү идэвхтэй, үр дүнтэй ажиллуулах нь уул уурхайн салбараас олох ашгийг ил тод, зохистойгоор захиран зарцуулах, нийт хүн амд жигд хүртээхэд чухал ач холбогдолтой юм.
Манай техник туслалцааны бусад хөтөлбөр нүүрснээс хэт хамааралтай байгаа эдийн засгийг илүү өргөн хүрээнд олон талтай хөгжүүлэхэд тус дөхөм болохуйц сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд дэмжлэг үзүүлэх болно. Ялангуяа энэ үйл явцад салхины эрчим хүчний үйлдвэрлэл нэн чухал үүрэг гүйцэтгэнэ.
ЕСБХБ Монгол улсад хамгийн дэвшилтэт салхины эрчим хүчний төсөл болох Улаанбаатар хотын ойролцоо байгуулагдах 50 MW хүчин чадалтай салхин цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил дээр үндэсний компанитай хамтран ажиллаж байна. Банк тус компанийн 25 хувийг эзэмших болсон бөгөөд одоогоор төслийн үйл ажиллагааны эхлэлтийн зардлын 25 хувийг хариуцан санхүүжүүлж байна.
Европын сэргээн босголт хөгжлийн банк дэлхийн маш олон оронд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг. Улс орон бүрт өөрийн онцлог бүхий төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байх. Монгол улсынх бусад улсаас юугаараа онцлог, ялгаатай вэ?
Монгол улсын хувьд уул уурхайн салбар тэргүүлэх байр суурийг эзэлж байна. Уг салбарыг тогтвортой, байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагатай хэлбэрээр хөгжүүлэх, ингэснээр тус салбар нийт хүн амд бүхэлд нь үр шимээ хүртээж, өргөн хүрээнд аж үйлдвэрийн болон ЖДБ-ийн хөгжлийн гол сувгийн үүрэг гүйцэтгэдэг байх нь чухал юм. Тогтвортой уул уурхайн салбарын өсөлтийг дэмжих чиглэлээр ЕСБХБ ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байна.
Хоёрдугаарт, Монгол улс нэн даруй шийдвэрлэх ёстой ихээхэн хэмжээний дэд бүтцийн хэрэгцээ, шаардлагатай нүүр тулаад байна. Дэд бүтэц сайн байх нь иргэдийн амжиргааны түвшинг сайжруулж, худалдаа аж үйлдвэрлэлийн таатай орчныг бий болгодог. ЕСБХБ нь ялангуяа хөдөө орон нутгаас олон тоогоор тасралтгүй ирэх шилжин суурьшигчдын урсгалд дарагдсан Улаанбаатар хотод цэвэр усны хангамж болон бохир ус цэвэрлэх үйлчилгээ, нийтийн тээврийн сүлжээг сайжруулахаар ажиллаж байна.
Гуравдугаарт, Монгол улсын хүн амын нэлээд хэсэг буюу 35 хувь нь ядуурлын түвшнээс доогуур нэн ядуу амьдралтай иргэд бөгөөд тулгарч буй гол асуудал нь тэдгээр хүмүүсийг ажлын байраар хангах замаар амьдралаа дээшлүүлэх боломжоор хангахад оршино. Энэ нь ЕСБХБ Монгол улсад хүчирхэг ЖДБ-ийн салбарын хөгжилд түлхүү анхаарлаа хандуулдаг шалтгаануудын нэг юм.
Эцэст нь, Монгол улс цаг агаарын хувьд дэлхийн хамгийн хүйтэн орнуудын нэг. Тиймээс эрчим хүчний хэмнэлтийг сайжруулах нь нэн чухал бөгөөд ЕСБХБ-ны хувьд ч энэ нь үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн нэг байдаг.
Үргэлжлэлийг “Mongolian Mining Journal”-ын ¹005 дугаараас уншина уу.