Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

ТАВАНТОЛГОЙН ШОРООН ЗАМААР НҮҮРС ТЭЭВЭРЛЭХ ХОРИГИЙГ ЦУЦАЛЛАА


Тавантолгой, Ухаахудагийн уурхайгаас Цагаан хад хүртэлх шороон замаар нүүрс тээвэрлэхийг хориглох шийдвэрийг өнгөрсөн дөрөвдүгээр сард Авто тээврийн газраас гаргасан билээ. Хатуу хучилттай зам барьж дуустал тээвэрлэлтийг хориглосноор “Тавантолгой” хувьцаат компани болон “Энержи Ресурс” компанийн нүүрсний тээвэрлэлт зогсоод байсан юм.
Энэхүү түр хугацааны хориг тавдугаар сарын 14-нд цуцлагджээ. “Энержи Ресурс” буюу “Mongolian Mining Corporation” /MMC/ тавдугаар сарын 11-нийг хүртэлх хугацаанд тухайн хэсгийн шороон замыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналт дор засч сайжруулсан байна. Зам засварын ажлыг МХЕГ болон Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн газрын төлөөлөл оролцсон комисс тавдугаар сарын 6-13-ны хооронд шалгажээ. Шалгалтын комисс тээвэрлэлтийн замын нөхцөл харьцангуй сайжирсан гэж дүгнээд тавдугаар сарын 14-нд  “MMC”-д Тавантолгойгоос Цагаан хад хүртэл нүүрс тээвэрлэх эрхийг нь эргүүлэн олгосон талаар ММС цахим сайтдаа мэдээлжээ.
    

Энэ дагуу МХЕГ-аас өнөөдөр хэвлэлийн хурал зарласан юм. МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал “Бид энэ сарын 14-нөөс нүүрс тээвэрлэлтийг эргүүлэн сэргээсэн. Зам засварын ажлыг “Нүүрсний зам”, “Дарданговь”, “Хийморийн их зам” зэрэг гурван компани гардан гүйцэтгэсэн. Засварын зардлыг “MMC”, “Тавантолгой” компани гаргасан. “Энержи Ресурс”-ын тавьж буй 256 км хатуу хучилттай замын ажил намар гэхэд дуусах байх. Одоо замын суурь бүтэц хийгдээд, хучилтын ажил эхлэхэд бэлэн болоод байна” гэлээ.    
Нүүрс тээвэрлэхийг хориглосон хоригийг цуцлах шийдвэрийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Авто тээврийн газар, Өмнөговийн Засаг даргын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төлөөлөл хэлэлцэн гаргасан байна. МХЕГ-ын зүгээс нүүрс тээвэрлэж буй талуудад хайрган хучилттай замыг тогтмол арчилж байх шаардлага тавьсан бөгөөд уг ажлыг “Нүүрсний зам” компани хариуцахаар болжээ.
Нүүрс тээвэрлэлтийн хориг цуцлагдсанаар Тавантолгой болон Ухаахудагийн уурхайгаас сайжруулсан шороон замаар нүүрс тээвэрлэж эхэлсэн байна. “MMC” хатуу хучилттай замыг ирэх наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ хугацаанд сайжруулсан шороон замаар нүүрс тээвэрлэхээр болж байгаа юм байна.
                       

 

                                                                                                                                                             Б.Төгсбилэгт